У.Галхүү, Б. Мөнхбаатар нарын эцсийн шүүх хурал хаалттай болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-09 00:03:17

Хэнтий аймгийн Хэрлэн сумын иргэн Уунаагийн Галхүү, Бүүвэйбаатарын Мөнхбаатар нарын эцсийн шүүх хуралдаан өнөөдөр хаалттай болж байна.

2014 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Хэрлэн сумын 3-р багийн нутагт “Мөнхшувуут” ХХК-ий захиалгаар “Шүдэн уул” ХХКомпаний барьж байсан 40 айлын орон сууцны барилгын 5 давхраас туслах ажилчин Б.Мөнхбаатар, У.Галхүү нар ажил үүргээ гүйцэтгэж байгаад барилгын өргөгч төхөөрөмжтэй цуг доош унасан байна. Энэ ослоос болж “Галхүүгийн биед бүсэлхийн хоёрдугаар нугалмын шахагдсан, бяцарсан хугарал, сээрний 7-гоос бүсэлхийн гуравдугаар нугалмуудын арын ба сээрний 12-р нугалмын хөндлөн сэртэнгүүдийн хугарал, умдаг ясны баруун доод салаа, баруун хөлийн дунд чөмөгний хүзүү хэсэг, зүүн хөлийн шилбэний гадна хавчаар болон баруун хөлийн өсгий ясны далд хугарлууд, хоёр шилбэ, тавхайн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд учирчээ.

Мөнхбаатарын биед сээрний 12-р нугалмын бяцарсан хугарал, нугас дарагдалт, баруун зүүн өсгийн ясны хугарал гэмтэл тогтоогдлоо” гээд эдгээр нь гэмтлийн хүндэвтэр болон амь насанд аюултай хүнд зэрэгт хамаарахыг заасан байна.

Ослын маргааш өдөр буюу 2014 оны 3 дугаар сарын 31-нд залуусыг Гэмтэл согогийн үндэсний төвд анхны хагалгаанд, мөн 4 дүгээр сарын 3-нд давтан хагалгаа хийлгэсэн боловч одоогоор тэдний биеийн байдал хүнд, бүсэлхийнээс доош мэдрэлгүй, хоёр хөл нь мэдээгүй хүний асрамжинд орж хэвтрийн болцгоожээ.

Энэхүү үйлдвэрлэлийн ослоос эрүүл мэндээрээ хохирсон залуусын анхны сум дундын шүүх хурал 2015 оны 1-р сарын 21-нд болж, барилгын гүйцэтгэгч “Шүдэн уул” ХХК-ий хөдөлмөр хамгааллын инженер Н.Батсайханыг бусдын эрүүл мэндэд учруулсан төлбөрийг нотлох баримтын хэмжээнд төлсөн учир бусдад төлөх төлбөргүйд тооцож түүнд оногдуулсан 3 жил хорих ялыг тэнсэж 2,6 жилийн хугацаагаар хянан харгалзаж засрал хүмүүжилд нь хяналт тавихаар шийдвэрлэснийг хохирогчид эс зөвшөөрч давж заалдсанаар давж заалдах шатны 1-р шүүх уг хэргийг энэ оны 3 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцжээ. Давж заалдах шатны шүүх хурлаас сум дундын 28 дугаар шүүхийн 2015 оны 1-р сарын 21-ний өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Н.Батсайханд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр аймгийн Прокурорын газарт буцаагаад байна.

Хохирогч У.Галхүүгийн биед учирсан гэмтэл, гэмтлийн дараах үлдэц уршгийн талаар, “Мөнхшувуут”, “Шүдэн уул” ХХК-ий хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ нь Иргэний хууль бусад хууль тогтоомжийн дагуу хийгдсэн эсэх өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангахад шаардагдах зардлыг тусгасан эсэх, энэ нь осол гарахад нөлөөлсөн эсэх, барилга барих, өргөх механизм ашиглахад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, дүрэм журмын аль заалтуудыг ямар аж ахуйн нэгж, албан тушаалтан зөрчсөн талаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3-аас дээш шинжээчийн бүрэлдэхүүнтэйгээр дахин шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулах, 40 айлын орон сууцны барилгад сонгон шалгаруулалт зарлагдсан эсэх, захиалагч, гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч нь ямар компани болох, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татах, Н.Батсайхан нь барилгын мэргэжилтэй эсэх зэргийг тогтоох шаардлагатайг давж заалдах шатны шүүхийн шийдвэрт тодотгон заажээ.

Үүнээс хойш тус хэргийн шүүх хуралдаан хэд хэдэн удаа хойшлогдсоор өнгөрсөн сард шүүх хуралдаан болсон боловч хэрэг мөрдөн байцаалтын шатандаа ахин буцаагдсан байсан юм.

О.Буянхишиг

 

Холбоотой мэдээ