Орон сууцны 8 хувийн хүүтэй зээлийн нөхцлийг хангах 63 мянга 915 өрх байна

Монголын мэдээ | Эдийн Засаг
ariunbold@montsame.mn
2016-01-07 12:11:23

Монгол Улсад зээл үнэлгээний харьцаа 70 хувьтай мөрдөгдөж байгаа тухай Монголбанкнаас гаргасан Санхүүгийн тогтвортой байдлын тайланд дурджээ.

Өөрөөр хэлбэл зээлдэгч 30 хувийн урьдчилгаа төлж, үлдсэн 70 хувьтай тэнцэх хэмжээний зээлийг банкнаас авах боломжтой гэсэн тооцооллыг Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс гаргажээ.

Инфляцийн түвшин 2015 оны 11 дүгээр сард 2.9 хувьд хүрсэн. Энэ онд 1 хувьд хүрэх таамаг төлөвтэй байгаа энэ үед орон сууцны үнийн индекс  сүүлийн нэг жилийн дотор 10.9 хувиар буурсан байгаа нь орон сууц худалдан авалтын өгөөжийг нэмэгдүүлж байна гэж Төв банк үзэж байна.

Монголын Барилгын Үндэсний Ассоциаци (МБҮА) Улаанбаатар хотод орон сууц худалдан авах хэрэгцээтэй 204 мянга 696 өрх байгаа тухай мэдээлсэн.  Дээрх өрхөөс 8 хувийн хүүтэй орон сууцны зээлийн нөхцлийг хангах өрх 63 мянга 915 байгааг тооцжээ. 

Харин "МИК Холдинг" хувьцаат компани Улаанбаатар хотод хэрэгжиж байгаа 477 төслөөс нийт 106 мянга 853 айлын нийтийн болон амины орон сууц босно. Энэ нь нийлүүлэлт эрэлтээс буюу МБҮАаас гаргасан орон сууц худалдан авах боломжтой өрхийн тоог давсан гэсэн судалгаа гаргажээ.

УИХ-ын дарга өчигдөр буюу энэ сарын 06-нд хийсэн мэдээлэлдээ орон сууцны 8 хувийн хүүтэй зээлийг инфляцийн түвшинтэй уялдуулан 5 хувь болгох боломжтой гэдгийг онцлон тэмдэглэсэн. Ингэснээр эрэлтээс давсан орон сууцыг худалдан авах боломжтой өрхийн тоо ч нэмэгдэх юм.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ