Баярын өдрүүдэд дөрвөн хүн амиа алджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-01-05 09:49:57

Баярын өдрүүдэд Цагдаагийн газар ирүүлсэн дуудлага мэдээллийн тоо урьд жилээс 7 хувь буурсан ч гэмт хэргийн улмаас дөрвөн иргэн амь эрсджээ.

 Энэ хугацаанд нийт 78 дуудлага мэдээлэл хүлээж авснаас  21 нь гэмт хэргийн, 57 нь зөрчлийн шинжтэй байв. Түүнчлэн олон нийтийн газар танхайрч, ар гэртээ агсам тавьж, бусдын ая тухыг алдагдуулж, согтуургаар тээврийн хэрэгсэл жолоодсон 11 иргэнийг түр саатуулсан аж.

Хүйтний эрч чангарч буйтай холбоотойгоор хөлдөж, осгосны улмаас амь насаа алдах тохиолдол цөөнгүй гардаг тул архи согтууруулах ундааг тохируулж хэрэглэхийг  ЦГ-ын АСТАХ ахлах байцаагч, ахмад Б.Сувд-Эрдэнэ сэрэмжлүүллээ.

Хоолны хордлого, тэсэрч дэлбэрэх бодистой холбоотой дуудлага ирээгүй байна

Мөн 12 сарын 31-ээс 1 сарын 3-нд Нэгдсэн эмнэлэгийн 103 дугаарт алсын болон төвийн 84 дуудлага мэдээлэл ирснээс хоолны хордлого болон тэсэрч дэлбэрэх бодистой холбоотой дуудлага ирээгүй,  эмнэлэгийн тусламж үйлчилгээнд ямар нэг хүндрэл үүсээгүй, хэвийн байжээ. Цаашид хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан амьсгалын замын халдвар ялангуяа тууралтат халдварт өвчин бага насныханы дунд зонхилох хандлагатай байгаа тул эцэг эхчүүд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хэвшихийг НЭ-ийн Эмчилгээ эрхлэсэн орлогч дарга Г.Энхжаргал санууллаа. Баярын үеэр Эх барих тасаг есөн хүүхэд хүлээж авсан бөгөөд энэ оны 11 сарын байдлаар тус аймагт  1164 эх амаржснаас  нялхасны эндэгдэл 14, амьгүй төрөлт 15, эхийн эндэгдэл нэг бүртгэгджээ.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг 

Холбоотой мэдээ