Шигшээ багийн тамирчид, легионеруудын өмсгөлийг дуудлагаар худалдаж хандивлана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
boloroo8136@gmail.com
2015-12-30 12:12:51

Сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигийн тоглогч, “Ардчилал” сонины сэтгүүлч, спортын мастер Б.Батхишигт яаралтай бөөр шилжүүлэн суулгах шаардлагатай болж улмаар хамт олон, найз нөхөд, багийн гишүүд нь хандивын аян өрнүүлж эхэлсэн талаар бид өмнө мэдээлсэн.

“Бид нэг гэр бүл” хандивын аяны хүрээнд өнөөдөр сагсан бөмбөгийн Үндэсний шигшээ багийн тамирчид Легионеруудын эсрэг халз тоглолт хийхээр болсон юм.

Хандивын аянд урлаг, спортын олон алдартан сайн дураараа нэгдсэн байна. Тухайлбал, Гавьяат тамирчин, Лондонгийн олимпийн хүрэл медальт, дэлхийн хошой аварга С.Батцэцэг, “Харанга” хамтлагийн дуучин, гавьяат жүжигчин Х.Лхагвасүрэн, Кёкүшюзан Д.Батбаяр, чөлөөт бөхийн шигшээ багийнхан, жүдо бөхийн шигшээ багийнхан нэгдээд байна. Мөн өвөрмонголчууд хандивын аянд нэгдэж, хандив цуглуулж эхлээд байгаа тухай “Нэр төр, эрхэмсэг амьдрал” төрийн бус байгууллагын тэргүүн Д.Наранцогт дуулгасан юм.

Монголын Үндэсний шигшээ багийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Тулга “Шигшээ багийнхны болон легионеруудын өмсгөлийг дуудлагаар худалдах болсон талаар ярихдаа, “Батхишиг энэхүү спортод маш олон жилийг зарцуулсан. Үндэсний шигээ багийнхны адилаар сагсан бөмбөгөөр Батхишиг гэдэг нэр хүндээ олж авсан. Тиймээс бид чадахаараа туслахаар хүмүүнлэгийн ажил эхлүүллээ. Гэхдээ ганцхан удаагийн үйл ажиллагаа зохион байгуулаад өнгөрөхгүй. Хөтөлбөр болгож нэг, хоёр, гурав гэсэн үе шаттай. Эхний ээлжинд Үндэсний шигшээ багийнхан бүрэн бүрэлдэхүүнтэйгээр легионеруудтай тоглох юм. Дараагаар нь шигшээ багийнхны болон легионеруудын тоглолтын хувцсыг дуудлага худалдаанд оруулна. Бас залуучуудын шигшээ багийнхныг легионеруудтай тоглуулах бодол бий” гэсэн юм.

Ж.Болор

 

Холбоотой мэдээ