Томуугаар өвчилсөн ажилтандаа онцгой анхаарч цалинтай чөлөө олгохыг зөвлөв

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2015-12-27 23:57:15
oyuka_hu@yahoo.com

Томуу, томуу төст өвчин ихээр дэгдэж буй энэ үед Орхон аймгийн Эрүүл мэндийн газар зөвлөмж, уриалга гаргалаа.

Үүнийг ажлын байрандаа хэрэгжүүлж, хэвшүүлэх хэрэгтэй гэв. Тухайлбал, ханиад хүрсэн  ажилтанаа эмчид үзүүлэх болон гэрт нь амрах боломжоор хангах, жирэмсэн болон эрсдэлтэй ажилтнаа цөөн хүнтэй харьцдаг ажилд түр томилох, ажлын ачааллыг нь багасгахыг зөвлөв. Мөн ажлын байрандаа халуун аарц, цай, буцалсан шингэнээр байнга үйлчлэх, дасгал хөдөлгөөн хийх боломжоор ханга гэлээ. Түүнчлэн, тав хүртэлх настай хүүхэдтэй ажилтандаа онцгой анхаарч хүүхэд нь томуугаар өвдсөн бол тав хоногийн цалинтай чөлөө олгох, хүүхдээ асрах боломжоор хангах, өвчтэй хүүхдээ ажлын байрандаа дагуулж ирэхгүй байх зэрэгт нь анхаарах хэрэгтэй гэлээ.

Мөн шинэ жил, цагаан сар зэрэг олон нийтийг хамарсан баярыг гэр бүлийн хүрээндээ тэмдэглэхийг уриаллаа. Ингэснээр томуу, томуу төст өвчнөөс өөрийгөө болон гэр бүл, хамт олноо хамгаалж, урьдчилан сэргийлж болно гэв. Учир нь жил бүрийн 12 дугаар сараас дөрөвдүгээр сар хүртэл томуу, томуу төст өвчний тархалт өндөр байдаг бөгөөд энэ үеэр бага насны хүүхдүүд ихэд өвчилдөг юм. Иймд байгууллага, хамт олон ажлын байрандаа тохирсон арга хэмжээ авах нь ажилтаныхаа эрүүл мэнд цаашлаад гэр бүлд анхаарал хандуулж байгаагийн нэг жишээ гэлээ.

Б.Оюун-Эрдэнэ 

Холбоотой мэдээ