Өвөрхангай аймагт бага насны хүүхдүүд галд өртөн амиа алдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-12-24 15:36:16

Бага насны хүүхдээ  гэрт түгжиж явсны улмаас хүүхдүүд галд шатан амиа алдсан хэрэг өчигдөр орой Өвөрхангай аймагт гарлаа. Арвайхээр сумын 5 дугаар багийн нутагт байрлах Ардчилсан намын байрны ойролцоох айлд гал гарсны улмаас 2 настай А, 3 настай Р нар нас барсан байна.

Уг хэргийн талаар Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, онцгой байдлын ахмад И.Өсөхбаяраас тодруулахад “Эцэг эхчүүд бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисны улмаас эрүүл мэнд, амь насаараа хохирох явдал улс даяар багагүй гарч байна. Энэ асуудал ч ийм нөхцөл байдлаас л үүссэн. Одоогоор галын дүгнэлт, акт гараагүй байгаа учир мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.

Таван ханатай гэрт гарсан уг галыг аймгийн ОБГ-ын Гал унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчид унтраасан байна. Өвөрхангай аймагт галын улмаас хүн амь насаа алдах хэрэг сүүлийн жилүүдэд гараагүй, харин хашаа байшин, гэр, эд хөрөнгө шатах явдал гарсаар байгаа юм. Тиймээс эцэг эхчүүдийг  бага насны үр хүүхдүүдээ байнгын хараа хяналтанд байлгах, салхи шуургатай энэ үед галын аюулаас болгоомжлон үнс нурмаа бүрэн унтраан гаргаж байхыг ОБГ-аас сэрэмжлүүлж байна.

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ