Жилийн турш тогтвор суурьшилтай ажиллуулсан байгууллагыг нэг сая төгрөгөөр шагнана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-12-24 12:26:32

Дорноговь аймгийн Сайншанд  сумын Засаг  даргын  “Нэг байгууллага-нэг иргэн” захирамжийн хэрэгжилтийг дүгнэх хугацаа ойртож байна.

Тус суманд амьдарч буй амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой 110 өрх айлын амьжиргааг дээшлүүлэх чиглэлээр сумын төрийн захиргааны  байгууллагын албан хаагчид хоёроос гурван өрхийг сонгон авч тусалж дэмжин  ажиллаж байгаа юм. Төрийн албан хаагчид хүмүүст мөнгө өгөхийг урьтал болголгүй хүүхдийг нь цэцэрлэгт хамруулах, газар өмчлөлийн асуудлыг шийдвэрлэх, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, үзлэг шинжилгээ хийлгэх, ажилд зуучилж өгөх, зээл тусламж, мэргэжлийн сургалтад хамруулах  зэргээр  ажиллаж байгаа бөгөөд өнгөрөгч  9 дүгээр сарын байдлаар 47 иргэнийг түр болон байнгын ажлын байранд зуучилжээ.

Сайншанд сумын Засаг даргын захирамжийн  дагуу ажил олгогч тухайн иргэнийг  жилийн турш тогтвор суурьшилтай ажиллуулбал байгууллагад нь нэг сая төгрөг, даргад нь 300 мянган төгрөгийн урамшууллыг олгож байгаа юм.

Дашрамд дурдахад Сайншанд суманд  2014 оны жилийн эцсийн байдлаар амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой 638 өрх айл  буй аж. 

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ