Н.Золжаргал: Цэцийн дүгнэлт буруу шийдвэр байсан
МОНГОЛЫН МЭДЭЭМонголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргалаас орон сууцны 8 хувийн хүүтэй зээлийн асуудлаар байр суурийг нь тодрууллаа.
-Найман хувийн зээл зогссон асуудалд банкууд ямар байр суурьтай байгаа вэ?
-Моргейжийн зээл анх 2008 оноос эхэлж яригдаад 2012 оноос хэрэгжсэн.Үр дүн нь гарчихсан, инфляци буугаад 3 хувь дээр ирчихсэн байна. Тэр үед энэ ажлыг эхэлж байхад инфляци өснө гэж олон хүн ярьж байсан. Тийм болоогүй л байна.
Орон сууцны 8 хувийн хүүтэй зээл авсан 80 мянган иргэнд хэнээс нь ч улс төрийн байр суурийг нь асуулгүйгээр моргейжийн зээл олгосон. Одоо ч зээл авахаар дугаарлаж байгаа олон хүн бий. Барьцаа гээч зүйл аливаа зээлийн ард байдгийг бүгд мэднэ. Тэрийг нь хөдөлж болдог юм шиг өнөөдөр тайлбарлаад байх юм.
Бид цэцэд маш ойлгомжтой дүгнэлтээ өгсөн. Хууль эрх зүйн мэргэжилтнүүдээс асуухад цэц энэ асуудлыг яарч шийдэх ямар ч хэрэгцээ байгаагүй юм билээ. Цэц зургаан сарын дараа, магадгүй жилийн дараа ч шийдвэл шийдэж болох юм билээ. Иргэдээ бодож байна гээд эрхийг нь хааж болохгүй. Одоогоор Монгол Улсад моргейжийн зээлийг нэг ч иргэн авч чадахгүйд хүрээд байна, яагаад гэвэл барьцаа хөрөнгө нь иргэний хуулиар зохицуулагддаг. Тэр барьцааг нь хөдөлгөдөг болчихлоо.
-Энэ зээлийг үргэлжлүүлэн олгох гарц байна уу?
-Иргэний хуулийн өмчтэй холбоотой зарим нэг заалтыг өөрчлөх хэрэгтэй. Энэ асуудлыг богино хугацаанд шийдвэрлэх болов уу гэсэн хүлээлттэй байна. Найман хувийн зээл хэрэгжиж эхэлснээр хэрэглээнээс хуримтлалд шилжиж чадсан. Макро эдийн засагт хүртэл үр дүн өгсөн. 2008 онд зөвхөн өндөр орлоготой иргэд орон сууцны зээл авдаг байсан. Харин одоо бүх нийтийн хүртээл болчихоод байхад барьцаа гэдэг зүйлээр хаацайлж ийм байдалд хүргэчихлээ.
Ерөнхийдөө бол улстөржилтийн золиос боллоо. 10 гаруй жил явж байгаа хуулийг гэнэт нэг өдөр барьж аваад яаран өөрчилсөн нь үнэндээ буруу шийдвэр. Үндсэн хуулийн цэцийн гишүүний тайлбарыг би сонссон. Мэдээж найман хувийн зээлийг зогсоох шийдвэр гаргаагүй. Гэхдээ барьцаа хөрөнгийг үгүй хийснээр үр дагавар нь ийм байдалд хүргээд байна.
-Банкууд иргэдийн өргөдлийг авч байгаа юу?
-Авч байгаа.
Б.Туул