Баян-Өлгийнхөн нөөцийн өвсөндөө орлоо

Орон нутагт | Баян-Өлгий
erdenechimeg@montsame.mn
2015-12-22 16:03:43

Мал өвөлжилтийн байдал сайнгүй байгаатай холбогдуулж аймгийн аюулгүй нөөцөнд хадгалагдаж байгаа өвс тэжээлийг малчдад олгохоор болжээ.

Нөөцийн газрын дарга Ж.Аманжол энэ тухай өгсөн тайлбартаа, Энэ шийдвэрийг Засгийн газраас гаргалаа. Гэвч хэдийд, ямар үнэ ханшаар хэрхэн хуваарилах талаар журам хараахан гарч ирээгүй. 2012 оноос нөөцөд хадгалсаар байгаа өвс нэлээд чанаргүйтсэн тул үнэгүй тарааж, 2014 оныхны үнийг тавин хувиар бууруулан борлуулах байх. Ийм 200 тонн тэжээл, 300 тонн өвсний дийлэнх нь Булган суманд болон Сагсай сумын Даян нуурын агуулахад хадгалагдаж байгаа. Тэдгээр өвс тэжээлийг мэргэжлийн байгууллагуудаар шалгуулан үнэлүүлээд аймгаас томилогдсон ажлын комиссын шийдвэрийн дагуу хуваарилах бөгөөд малчдад хүргэх ажлыг сум, багийн засаг дарга нар гүйцэтгэх болно. Шийдвэр, журмыг нь бид гардан хүлээн авмагцаа хуваарилна гэж ярилаа.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ