Хүүхдүүд дарга нарыг цас цэвэрлэх ажилд уриалан дуудлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2015-12-22 13:55:10

Саяхны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар сургуулийн 11 дүгээр ангийнхан гудамж талбайн цас цэвэрлэх ажилд байгууллагын удирдлагуудыг уриалан дуудлаа.

Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан тус аймгийн төв Чойбалсан хотод энэ өвөл цас их унаж, халтиргаа гулгаа ихтэй байгаагаас хүмүүс халтирч гэмтэж бэртэх явдал их байна. Иймд хүүхдүүд санаачлан настнууд хамгийн их зорчдог төв зах руу явдаг гол гудамж, замын цасыг дарга нарын хамт цэвэрлэв. Албан байгууллагууд ойр орчныхоо 50 метр хэрийн газрын цас мөсийг арилгах үүрэгтэй ч зарим нийтийн зам талбай орхигддогоос хүмүүс бэртэж гэмтэх нь элбэг тохиолддог. Хүүхдүүдийн санаачилсан, “нүдээ олсон” энэ ажлыг байгууллага, аж ахуйн удирдлагууд ихэд дэмжиж сайн санааны аянд нэгдэв.

Энэ аянд хамгийн түрүүн ханцуй шамлан оролцсон “Голомт” банкны Дорнод дахь салбарын захирал Л.Нарангэрэл, Хүмүүсийн хамгийн олноор зорчдог энэ хэсгийн замыг өнгөрсөн жил орон нутгийн төсвийн хөрөнгөөр иж бүрэн засварлаж, томоохон хөрөнгө оруулалт хийсэн ажил юм. Нэгэнт хийж бүтээж босгосон энэ бүтээн байгуулалтын ажлыг бид өөрсдөө арчилж тордох нь чухал. Орон нутгийхаа хөгжилд хүүхдүүд хүртэл ингэж санаа чилээж байхад томчууд бид түүнийг нь дэмжиж урам зориг өгч ажиллах нь зүйтэй юм гэж байлаа.

Б.Туяа

Холбоотой мэдээ