Махны экспортыг нэмэгдүүлэхийг дахин шаардлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-09-10 14:41:06

УИХ дахь МАН-ын бүлгээс долоо хоног бүр зохион байгуулдаг мэдээллийн "Морин цаг"-т УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, А.Тлейхан нар оролцож, махны экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр цаг алдалгүй арга хэмжээ авахыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс дахин шаардлаа.

Учир нь эдийн засагт үүссэн нөхцөл байдал, байгаль цаг уурын таагүй байдалтай холбогдуулан үүсч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор тодорхой ажлуудыг яаралтай хийх санал санаачилгыг УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд өнгөрсөн сард Ерөнхий сайдад хүргүүлсэн юм. Тухайлбал, малыг хөлөөр нь гадагш гаргах, үйлдвэрлэлийн аргаар нядалж боловсруулан ОХУ, БНХАУ-ын зах зээлд нийлүүлэх ажлыг зохион байгуулах, махны экспортын чиглэлийн компаниудын тоог нэмэгдүүлэх, ингэхдээ малыг үнэгүйдүүлэхгүйгээр худалдан авч, гадаад зах зээлд үнэ хүргэж борлуулах боломж, нөхцлөөр хангах ажлыг яаралтай хийхийг сануулсан байна. Мөн дотоодын зах зээлд махны үнийг хэт унах эрсдлээс сэргийлэх арга хэмжээ авах, малын гаралтай түүхий эд, мах экспортлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй малчид, нөхөрлөл, хоршоо, аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлэх, зээл тусламж, татварын таатай орчин бий болгох зэрэг ажлыг яаралтай зохион байгуулж хэрэгжүүлэх талаарх саналаа Ерөнхий сайдад уламжилсан.

Энэ талаар УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр хэлэхдээ, "Өнгөрсөн жил хоёр хөршийн төрийн тэргүүн Монгол Улсад айлчлахдаа манай улсаас мах авна гэдгээ хэлсэн. Өөрөөр хэлбэл, улс төрийн шийдвэр гарсан гэсэн үг. 2010 онд жилд 24 мянган тонн мах экспортолдог байсан манай улс өнгөрсөн онд 1.8 мянган тонн мах экспортолсон. Иймд Засгийн газар махны экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээг яаралтай авах шаардлагатай байна" гэлээ.

УИХ-ын гишүүн А.Тлейхан жилд зөвхөн махны экспортоос 800 сая ам.долларын орлого олох тооцоо байдгийг онцлов. Тэрээр "Зөвхөн газрын баялаг, уул уурхай гэж хошууралгүй малын гаралтай түүхий эдийн борлуулалтаас асар их ашиг олох боломж бий. Арьс шир, ноос ноолуур, малын үнэ буурсан нь малчдын амьжиргаанд нөлөөлж байна. Энэ жил 21 тэрбум төгрөгийг малчдад ноосны, 25 тэрбум төгрөгийг арьс ширний урамшуулал хэлбэрээр олгох ёстой байсан, гэвч одоо болтол олгож чадаагүй байна" гэв.   

Б.Туул

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд