Харбины “Өвлийн мөсөн фестиваль-2016” ирэх сард болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГБНХАУ-ын Харбин хотноо жил бүр зохион байгуулдаг “Өвлийн мөсөн фестиваль” наадам нь 2016 оны нэгдүгээр сарын 5-наас хоёрдугаар сарын 5-ныг хүртэл нэг сарын хугацаанд 32 дахь жилдээ болно.
Энэхүү наадмын үеэр олон улсын цасан баримлын үзэсгэлэн худалдаа, мөсөн дэнлүүн яармаг, мөсөн зочид буудал, нохойн чарга хөлөглөн Сибирийн бар үзэх зэргээр ирсэн үзэгч олныг цас мөсний ертөнцөөр аялуулдаг. БНХАУ-ын зүүн хойд хэсэгт ОХУ-ын хилийн ойролцоо орших “Мөсөн хот” хэмээгддэг Харбин хотноо уг фестивалийг зохион байгуулдаг. Үзэсгэлэнт Сонгхуа голын эрэг дээр сүндэрлэн боссон дэлхийн шилдэг мөс цасан баримал урлаачдын бүтээсэн цас, мөсөн баримал, барилга, байгууламжууд нь үнэхээр гайхалтай.
Шөнийн тэнгэрийг гэрэлтүүлэх гэрлийн гайхамшгийг үзэхээс гадна хүүхэд насаа дурсан мөсөн гулсуур дээр тоглож, орд, шилтгээнүүдээр аялан үлгэрийн оронд байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг гэдгээрээ онцлогтой.
Д.Өлзий