Тусламжийн 2500 боодол өвс бэлтгээд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2015-12-11 11:26:19

Завханы Улаан загалмайн хороо нь зудын гамшгаас урьдчилан сэргийлэх үүднээс төвдөө өвс хадлан бэлдэх, бага үнээр малчдад өгөхөд голлон анхаарч байна.

Тухайлбал өнгөрсөн жил олон улсын байгууллагын тусламжаар 40-өөд сая төгрөгийн өртөг бүхий өвс хадагч тармур, хаман боогч зэрэг жижиг оврын гурван трактортай болсон байна. Ингэснээр  өөрийн үйл ажиллагааг өргөтгөн жилд 2000-4000 боодол өвс хийн борлуулдаг болжээ. Өөрийн гэсэн  500 гаруй толгой малтай ба үүнийхээ ашиг шимийг хүртэх замаар  өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг ба гаднаас ирсэн тусламжийн барааг хуваарилах, олгох зэрэг олон үйл ажиллагаа Завханд хэрэгжүүлж байна. Энэ жил малчдад туслах зорилгоор 2500 боодол өвс бэлтгэжээ.

Малчдад тусламж үзүүлэхээс гадна урамшуулдаг

Завханы Улаан загалмайн хороо малчдад туслахаас гадна хамтран ажиллаж байна.

Тухайлбал малаа онд мэнд  бүрэн оруулсан хүмүүсийг урамшуулах алдаршуулах зорилгоор “Мянгат малчдын зөвлөгөөн”-ийг Цэцэн-Уул, Сантмаргаз, Сонгино сумуудад хийжээ.  Гэвч мянган малтай иргэд цөөн учраас Яруу, Алдархаан, Цагаанчулуут, Отгон зэрэг сумуудад “Манлай малчдын зөвлөгөөн” хийж шилдэг сайн малчдын болзол хангасан тохиолдолд “Нигүүлсэнгүй үйлст манлай малчин одон” олгох болжээ.  Уг одонг авсан хүн цаашдаа сум, аймаг, улсын сайн малчин болох гарц боломж нэмэгддэг байна. Өнөөдрийн байдлаар “Нигүүлсэнгүй үйлст манлай малчин одон”-гийн болзлыг Завханы 19 малчин хангаад байна. Энэ болзолыг хангасан хүмүүсээс ихэнх нь улсын сайн малчин болжээ.  Мөн Монгол Улсын гавъяат малчин цолоор хоёр малчин шагнагджээ.

Улиастайд 24 хүндэт донор бий

Улаан загалмайн хамийн гол ажлын нэг нь цусны донор юм. Өнөөдөр Завхан аймагт 600 гаруй донор байдаг. Завханы сум бүрт гурван ээлжийн донортой бөгөөд цус алдсан, цусны хэрэгцээ гарсан үед цусаа өгдөг байна. Завханы төв Улиастайд гэхэд  24 хүндэт донор байна. Хүндэт донор болсон хүн улсаас тэтгэмж авах эрх үүсдэг. Өөрөөр хэлбэл түлээ модны, амралтанд явахад нэг эсвэл хоёр талын зардлаа даалгах зэргээр хөнгөлөлт эдэлдэг байна. Сонирхуулахад Улаан Загалмай анх үүсэхдээ Улаан Кресстийн эвлэл буюу донор элсүүлж эхэлснээр эмнэлгийн бүх ажилчид хамгийн түрүүнд Улаан Загалмайд элсэж байжээ. 

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ