Засаг даргад нэр дэвшсэн тогтоол дахин гаргах гэж байгааг Засаг дарга С. Од-Эрдэнэ тайлбарлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2015-12-10 12:29:45

Өнгөрөгч долоо хоногт хуралдсан аймгийн ИТХ- ын ээлжит 13 дугаар хуралдаанаар 2014 оны тавдугаар сард хуралдсан ИТХ- ын 9 дүгээр хуралдааны дөрвөн тогтоолыг хүчингүй болгож, уг тогтоолыг дахин гаргахаар болоод байгаа юм.

Өнөөдрийн байдлаар тогтоолыг томъёолж хараахан гаргаагүй байгаа бөгөөд үүнийгээ 13 дугаар хуралдаанд дангаар оролцсон АН-ын бүлэг 9 дүгээр хуралдааны тогтоолуудыг баталгаажуулсан хэмээн тайлбарлаж байгаа юм. Харин энэ үйлдэл нь олон нийтэд ойлгомжгүй байдлыг үүсгэжээ.

Ингэх болсон шалтгааныг эхнээс нь сийрүүлбэл, 2014 оны 5 дугаар сарын 24- нд хуралдсан ИТХ-ын 9 дүгээр хуралдаанаас аймгийн Засаг дарга С. Сүхбаатарыг огцруулж, С. Од-Эрдэнийг нэр дэвшүүлэн Монгол Улсын Ерөнхий сайдад өргөн барих тухай, ИТХ-ын тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, хуучин бүрэлдэхүүнийг хүчингүй болгох тухай тогтоолуудыг гаргасан байдаг. МАН-ын бүлэг эл хуралдаанд оролцоогүй бөгөөд хуралдааныг хууль бус болсон гэж Засаг дарга асан С.Сүхбаатар шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Шүүхээр асуудал шийдвэрлэгдэх үйл явц нэлээд удаан сунжирсаны эцэст анхан болон давж заалдах шатны шүүхээс ИТХ- ын 9 дүгээр хуралдааныг хууль бус болохыг тогтоож, уг хуралдаанаас гарсан 1-4 тоот тогтоолыг хүчингүй болгосугай гэх шийдвэр гаргажээ. Харин Монгол Улсын дээд шүүх хянаж үзээд ИТХ- ын 9 дүгээр хуралдаан хүчинтэй, шийдвэр гаргах үйл явц алдаатай байсан гэж үзсэн юм байна.

Тиймээс тэр алдааг залруулж байгаа хэмээн 9 дүгээр хуралдааны тогтоолыг 13 дугаар хуралдаанаас дахин гаргаж байгаа үйлдлийг  Засаг дарга С. Од- Эрдэнэ мөн тайлбарлав.

9 дүгээр хуралдааны тогтоолыг үндэслэн Ерөнхий сайд захирамж гаргаж Засаг дарга С.Од- Эрдэнийг томилсон бөгөөд Ерөнхий сайдын захирамж хүчин төгөлдөр байсаар байтал 13 дугаар хуралдаанаар С. Од-Эрдэнийг Засаг даргад нэр дэвшүүлсэн тогтоол гаргаж байгаа нь ямар учиртай юм бэ. Бүтэн жил хагасын хугацаанд С.Од-Эрдэнэ Засаг даргын бүрэн эрх хэрэгжүүлээгүй, үүрэг гүйцэтгэж явсан юм уу, эсвэл хууль бусаар ажиллаж байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм уу гэх зэрэг олон асуулт ургаад байгаа юм. Иргэд ч эл үйлдлийг ойлгож ядан байгаагаа өчигдөр Засаг даргын иргэдтэй хийдэг 21 хоног тутмын уулзалтын үеэр илэрхийлж байв.

Үүнд С. Од- Эрдэнэ дараахь тайлбарыг өгч байна. Тэрээр, Хурлаас гаргасан тогтоол, бусад шийдвэр нь хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрт нийцээгүй бол түүнийг тухайн хурал өөрчлөх буюу хүчингүй болгоно гэж Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн заалт бий. Энэ дагуу л ажилласан. Бид Шүүхийн тогтоолыг хүчинтэй, хүчингүй байх тухай яриагүй. ИТХ- ын шийдвэр үндэслэлтэй байсан эсэх дээр ярьж байгаа юм. Дээд шүүх ИТХ-ын 9 дүгээр хуралдааныг хуулийн дагуу хуралдсан гэж тогтоосон. Харин шийдвэр гаргах үйл явц алдаатай байсан гэснийг л залруулж байгаа хэрэг гэв.

Овоо босгоогүй бол шаазгай юун дээр суух вэ. 2013 оны 11 дүгээр сарын 25-нд С.Сүхбаатарыг Засаг даргаас огцруулсан ИТХ-ын тогтоолыг 12 дугаар сарын 5- нд ИТХ дахь МАН- ын бүлэг дангаар хуралдан хүчингүй болгосон байдаг. Өөрөөр хэлбэл С. Сүхбаатар хууль бусаар Засаг дарга хийгээд яваад байсныг 2014 оны 5 дугаар сарын 24-ны ИТХ- аар эцэслэн шийдсэн. Тухайн үед ИТХ- ын тэргүүлэгчдийн олонхи  нь МАН- ын төлөөлөгчдөөс бүрдэж байсан учраас С.Сүхбаатарыг огцруулах тухай асуудлыг хуралдааны хэлэлцэх асуудлын дараалалд оруулаагүй. Эндээс тэр процедурын алдаа гарч байгаа юм.

Маргааныг таслах ганц арга бол ИТХ. Хүчингүй гээд байгаа 01-04 тоот тогтоолыг шүүхийн шийдвэрийг хүндэтгээд хүчингүй болгосон. Тэгээд тогтоолуудаа залруулж хүчинтэйгээр гаргаж байгаа ийм л асуудал юм хэмээх тайлбарыг өгөв.

Дундговь Т. Отгонтуяа

 

Холбоотой мэдээ