Ирэх өвөл Өвөрхангай аймагт 5.5 сая мал өвөлжинө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-09-12 12:45:36
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн хэмжээнд энэ жил 6,7 сая мал зусаж, намаржиж байгаа ба зах зээлд борлуулах болон хэрэгцээлэх малаа хасахад 17015 малчин өрхийн 5.5 сая орчим мал өвөлжих урьдчилсан дүнтэй байна.
Өнгөрсөн хавар хур тунадасны хэмжээ олон жилийн дунджаас харьцангүй бага байснаас бэлчээрийн гарц аймгийн хэмжээнд оройтсоноос гадна нийт мал махан таргаас илүү өөхөн тарга авсан байдалтай байгааг аймгийн ХХААГ-аас мэдээллээ.
Аймаг дундын отрын бүс нутаг болох Хөх дэлийн бүс нутгаар зуншлага, намаржилтын байдал сайн байна. Одоогоор тэнд Баян-Өндөр сумын 5, Бүрд сумын 6 өрх намаржиж байгаагаас өөр  оторлож яваа айл өрх байхгүй байна. Эдгээр айл өрхүүд цаашид өвөлжих юм. Ирэх өвөл, хавар отор нүүдлийг аймаг дотроо зохион байгуулах бодлого барьж байгаа аж.
Энэ намар сумдын аюулгүйн нөөцөд 950 тн өвс, 950 тн тэжээл, аймгийн аюулгүйн нөөцөд 250 тн өвс, 100 тн тэжээл бүрдүүлэхээр төлөвлөөд байна. Мөн малчид өөрсдөө 58800 тн өвс, 28300 тн гар тэжээл бэлтгэх юм. Одоогоор малчид 1475 тн өвс бэлтгээд байна.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ