“Катюша” орос хэлний клуб нээгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
erdenechimeg@montsame.mn
2015-11-17 11:14:54

Хэнтий аймгийн Засаг даргын санаачилгаар Хөдөлмөрийн яамны харъяа Хэнтий аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд “Катюша” орос хэлний клуб нээлээ.

Нээлтэд аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар, Засаг даргын орлогч Ганхуяг, ЗДТГ-ын дарга М.Болд ,  Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Ганболд, БСГ-ын дарга З.Бат-Эрдэнэ, ОХУ-ын Өвөр байгалийн хязгаарын Улаанбаатарт суугаа төлөөлөгч Евгения Цыбенова, ОХУ-ын Дорнод сибирийн технологи, удирдлагын их сургуулийн Улаанбаатар дахь салбарын захирал, Эдийн засгийн ухааны доктор, доцент Имидеева Ирина Владимировна, Дорнод аймгийн Чойбалсан хот дахь “ Матрёшка” клубын захирал Шабонова Ольга Николаевна, Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэлийн дэд тэргүүн ОХУ / ЗХУ/ -д сургууль төгсөгчдийн холбооны дэд ерөнхийлөгч Монгол Улсын Гавьяат багш Д.Цогзолмаа, Орос, Монголын хамтын ажиллагааны агентлагийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын тэргүүлэх мэргэжилтэн, шинжээч Масан Роман Павлович нар оролцов.

Аймгийн МСҮТ-ийн “Катюша” Орос хэлний клубын тэргүүнээр Орос хэлний багш Б. Оюунчимэгийг сонгож, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.

Энэ үеэр Орос, Монголын хамтын ажиллагааны агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газраас “ Катюша” Орос хэлний клубын үйл ажиллагааг дэмжиж, эхний удаад 461000 төгрөгийн ном, гарын авлагыг гардууллаа.

Мөн “Матрюшка”, “Катюша” клуб хамтран 2016 оны 3 дугаар сард Чита хотод хамтын ажиллагааны хуралд оролцохоор болсон юм. Түүнчлэн ЕБС-ийн 12 дугаар анги төгсөгчдийг ОХУ-д тэтгэлгээр сургах ажлыг жил, жилийн төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэх аж.

О.Буянхишиг

関連ニュース