Нобелийн шагналтан Мачадо: Бид эрх чөлөөнийхөө төлөө тэмцэх ёстой

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2025-12-11 10:07:39

ОСЛО, 2025 оны арванхоёрдугаар сарын 11 /DW/. Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Мариа Корина Мачадо лхагва гарагт болсон Нобелийн Энх тайвны шагнал гардуулах ёслолд оролцож чадаагүй боловч Каракас дахь эрх баригч социалист засгийн газрын сүрдүүлгийг үл харгалзан Осло руу явж байгаагаа зарласнаар сүүлчийн мөчид гэнэтийн бэлэг барьжээ. Хэрэв түүнийг Венесуэлээс “зугтвал” оргодол болно хэмээн анхааруулаад байв. 


“Хэдийгээр М.Мачадо шагнал гардуулах ёслол болон өнөөдрийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирж чадахгүй боловч тэрбээр аюулгүй байгаагаас гадна Ослод хүрэлцэн ирнэ гэдгийг нь баталж байгаадаа бид маш их баяртай байна” гэж Норвегийн Нобелийн хүрээлэн мэдэгджээ. Тэрбээр пүрэв гаргийн өглөө үг хэлэх төлөвтэй байна гэж Норвегийн засгийн газрын албан тушаалтнууд мэдээлсэн байна.


М.Мачадогийн охин Ана Корина Соса Мачадо түүний өмнөөс Нобелийн Энх тайвны шагналыг гардан авч, энэхүү үйл явдалд зориулан бичсэн ээжийнхээ үгийг уламжилжээ. “Ардчилал гэдэг энх тайванд зайлшгүй чухал болохыг энэхүү үйл явдал дэлхий нийтэд сануулж байна. Венесуэлчүүдийн хувьд дэлхий нийттэй хуваалцаж болох хамгийн чухал туршлага бол урт удаан хийгээд хэцүү замаар олж авсан сургамж юм. Хэрэв бид ардчиллыг хүсэж байвал эрх чөлөөнийхөө төлөө тэмцэхэд бэлэн байх ёстой. Эрх чөлөө бол бид тэмцэхэд бэлэн байгаа цагт өдөр бүр олж авдаг зүйл юм. Энэ бол Венесуэлийн үйл хэрэг бидний хил хязгаарыг давж гардгийн шалтгаан билээ. Эрх чөлөөтэй байхыг сонгосон ард түмэн зөвхөн өөрсдийгөө чөлөөлөөд зогсохгүй, хүн төрөлхтөнд бүхэлд нь хувь нэмэр оруулдаг” гэж тэрбээр хэлсэн байна.


Их Британийн нийслэл Лондон хот дахь “Chatham House” судалгааны төвийн Латин Америкийн мэргэжилтэн Кристофер Сабатини DW-д мэдээлэхдээ, М.Мачадогийн охины хэлсэн үг “ирээдүй үеийн өөдрөг үзлийг илэрхийлсэн” хэмээн хэлсэн байна. “Мэдээжийн хэрэг, түүний хэлсэн үг нь дэглэмийн зүй бус үйлдлүүдийг онцолсон байсан, ялангуяа луйвар явагдсан сонгуулийн дараа. Гэхдээ мөн итгэл найдварын тухай ярьсан. Ингэхдээ Венесуэлийг өмнөх байдалд нь эргэн оруулах тухай, бүх венесуэлчүүдэд хувь нэмрээ оруулах тухай ярьсан бөгөөд энэхүү шагналыг үнэхээр бүх венесуэлчүүдэд хүртээсэн билээ” гэж тэрбээр нэмж хэлжээ. 



関連ニュース