ЗАВХАН: Байгаль хамгаалагчид өдөр бүр судалгаа хийдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-12-05 16:22:39

Улиастай, 2025 оны арванхоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Завхан аймаг нь амьтны газарзүйн мужлалаар Баруун хойд Монголын тойрогт хамаарах бөгөөд энд өндөр уул, ойт хээр, хээрийн бүсийн амьтад тохиолддог, зүйлийн бүрдлийн хувьд баялаг юм.


Завхан аймагт баавгай, зэрлэг гахай, бор гөрөөс, буга, аргаль, янгир, ирвэс, чоно, үнэг, хярс, мануул, дорго, шилүүс, туулай, чандага, тарвага, цагаан болон хар сүүлт зээр зэрэг ан амьтантай.


Ойн болон өндөр уулын, тал хээрийн, нүүдлийн шувуу ирдэг. Хойлог, ятуу, хур сойр, хун, хотон, нислэг сар, тас, шонхор зэрэг ховордсон шувууд бий. Хяргас нуур-Завхан голын сав газрын сээр нуруутан амьтдын судалгаанаас үзвэл нэн ховор хөхтний зүйлүүдээс Отгон, Алдархаан, Шилүүстэй сумын нутаг, Отгонтэнгэрийн дархан цаазат газраар цоохор ирвэс, Нөмрөг сумын Баянзүрх, Нөмрөг ууланд баданга хүдэр нутагладаг. Түүнчлэн Монгол оронд эрс ховордсон ирвэс, аргаль, янгир, халиун буга, хүдэр зэрэг ан амьтад Отгонтэнгэр ууланд тархсан байна.


Байгаль хамгаалах ажлын салшгүй нэгэн хэсэг нь тухайн бүс нутгийн экологийн цогц судалгаа, түүний үр дүнд үндэслэсэн оновчтой менежмент юм. Завхан аймгийн тухайд, ан амьтны тархац нөөцийн судалгаа ховор бөгөөд улсын тусгай хамгаалалттай газруудын нутагт биологийн олон төрөл зүйлийн судалгааг хийжээ.


Мөн аймгийн хэмжээнд тархсан зарим хөхтөн амьтдын судалгааг Шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэнгийн эрдэмтэд 2002 оноос эхлэн тодорхой давтамжтай хийсэн байна. Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргаанаас гэхэд Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газар нутаг дахь ховор зүйлүүдийн байршил, тархалт тэдгээрийн тоо толгойг тогтоох судалгааг хамгийн сүүлд 2020, 2023, 2024 онд хийсэн байна.


Энэ мэтчлэн судлаачид байгаль орчны өөрчлөлтийг тасралтгүй аль болох олон давтамжтайгаар судлах сонирхолтой байдаг. Гэсэн хэдий ч цаг хугацаа, хүн хүч, төсөв санхүүгийн хязгаарлагдмал байдлаас шалтгаалан урт хугацааны судалгаа хийх боломжгүй байдаг. Харин манай байгаль хамгаалагчид өдөр тутмын ажлаа хийж байх үедээ хамгийн үнэн бодит, үнэтэй судалгааны мэдээ хэрэглэхүүн цуглуулах бүрэн боломжтой тухай аймгийн Байгаль орчны газраас мэдээлэв. 

Баданга хүдэр

 

関連ニュース