СЭЛЭНГЭ: Мэдээллийн технологийн гурван төрөлт тэмцээн болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-11-25 16:08:15

Сүхбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Төвийн бүсийн ахлах ангийн сурагчдын дундах мэдээллийн технологийн гурван төрөлт “Хурдан cup-2025” тэмцээн Сэлэнгэ аймгийн Мандал суманд 3 дахь өдрөө үргэлжилж байна.

 

Энэ удаагийн тэмцээнд Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгийн нийт 40 гаруй сурагч, 8 баг авьяас, ур чадвар, багийн ажиллагаагаараа өрсөлдөж байна.

 

Тэмцээн нь өсвөр үеийнхний технологийн сэтгэлгээ, стратеги төлөвлөлт, багаар ажиллах чадвар, цахим орчин дахь манлайллыг дэмжих зорилготой бөгөөд оролцогчид цахим спортын төрөлд олон улсын жишигт нийцсэн дүрмийн хүрээнд хүч сорьж байгаагаараа онцлогтой болж байгаа юм.

 

Тэмцээнийг орон нутгийн хэмжээнд анх удаа ийм өргөн хүрээнд зохион байгуулж байгаа нь орон нутгийн хүүхэд, залуусын мэдээлэл технологийн салбарын сонирхол, хөгжлийг дэмжих чухал үйл явдал болж байна хэмээн зохион байгуулагчид онцоллоо.

 

Мөн зохион байгуулагчдын хэлснээр “Хурдан сup” нь цаашид бүсийн болон улсын хэмжээнд өргөжин тэлэх зорилготой бөгөөд оролцогч хүүхэд, залуучуудын ур чадвар, авьяасыг нээх чухал талбар болж байна гэлээ.

 

Тус тэмцээн дрон, уран илтгэл, е-спорт гэсэн 3 төрлөөр болж байна.

 

Тэмцээний сонирхогчдын дрон төрөлд Сүхбаатар сумын Улсын тэргүүний II сургуулийн 8а ангийн сурагч Г.Бүрэнбаяр  алтан медаль, өөрөө угсрах төрөлд 11б ангийн сурагч Б.Ану-Үжин 4-р байрт шалгарсан байна.

 

Мөн тэмцээний шилдэг илтгэлийн төрөлд 11б ангийн сурагч Б.Сүбээдэй тэргүүн байрт шалгарч алтан медаль, E-sport  төрөлд 12а ангийн сурагчид 5-р байрт шалгарчээ.

 

Тус тэмцээний дрон төрлийн оролцогч Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр сургуулийн 12б ангийн сурагч С.Мэндбаяр: “Би дроны спортыг сонирхоод жил гаруй хугацаа өнгөрч байна. Хамгийн анхны тэмцээн маань Ерөнхийдөгчийн нэрэмжит улсын аваргын тэмцээн байлаа. Энэ том тэмцээнээс айдас, сандарлаа дарж байсан.

Миний хувьд дроны спортыг сонирхох болсон шалтгаан гэвэл миний сонгосон мэргэжилтэй холбоотой. Одоо сүүлийн үед хил хамгаалах алба, зэвсэгт хүчний байгууллагад дроны жолооч, дрон жолоодогч, дрон мэддэг хүн хүч хэрэгтэй болсон учраас би сонгосон. Мэргэжилд маань бага ч гэсэн нөлөөлөх болов уу гэж бодсон. Дроны спорт дэлхий даяар өргөн дэлгэр хөгжиж байна. Яг сонирхоод ороод ирэхээр өрсөлдөөнтэй, их зүйлийг ойлгоно, ийм гоё спорт” хэмээн ярилаа.

 

Мөн нисэх төрлийн оролцогч Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Улсын тэргүүний лаборатори 4 дүгээр сургуулийн 8в ангийн сурагч М.Бямбабаяр: “Цахим орчин хүчтэй хөгжиж байгаа энэ үед би өөрийгөө хөгжүүлэх зорилгоор энэ спортыг сонирхох болсон.


Миний оролцож байгаа энэ тоглоомын нисэх төрөл маань өөрийгөө маш сайн хяналттай байлгах, сэтгэлээ нэг түвшинд удирдахад сургадаг. Хамтран бэлтгэсэн н.Бүрэнбаяр найздаа баярлалаа”. 

 

Тэмцээний Ерөнхий зохион байгуулагчаар Монгол Улсын Их Хурлын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам,

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Тулга,

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам,

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар,

Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар,

Сэлэнгэ аймгийн Цахим шилжилт, үйлчилгээний хэлтэс хамтран ажиллаж байна.  

関連ニュース