СЭЛЭНГЭ: Бямбын Ринчен Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Булсарай хэмээх газарт мэндэлжээ
ФОТО МЭДЭЭ
Сүхбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 21
/МОНЦАМЭ/. Монгол Улсын төрийн шагналт, соён гэгээрүүлэгч,
академич Бямбын Ринченийн мэндэлсний 120 жилийн ой тохиож байна.
Их эрдэмтний 100 насны ойгоор буюу
2005 онд Монгол Улсын Засгийн газрын 153 тоот тогтоолоор Сэлэнгэ аймгийн
Алтанбулаг сумын ЕБС-ийг түүний нэрэмжит болгосон юм.
Академич Б.Ринчений гэрэлт
хөшөөг түүний ач хүү, уран барималч Б.Дэнзэн бүтээжээ.
Бямбын Ринчен 1905 оны 11-р
сарын 21-д өнөөгийн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Булсарай хэмээх
газар Б.Раднаажавын ууган хүү болон мэндэлжээ. Бүтэн нэр нь Ринчендорж бөгөөд
өвөг аавынхаа нэрээр Бямба хэмээн овоглох болов. Түүний эцэг
Еншөөбү Будын Раднаажав нь нэртэй сэхээтэн, хэд хэдэн гадаад хэл мэддэг хүн байсан
байна. Эх нь Цогт тайжийн удмын Боржигон овогт Самдангийн Дулам гэж хүн байжээ.
Еншөөбү овогт Бямбын Ринчен Монголын
орчин үеийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг, XX зууны манлай монголч эрдэмтэн
байв. Англи, франц, герман, чех, польш, эсперанто, орос хэлийг гаргууд эзэмшсэн
бөгөөд эсперанто хэлний өөрөө сурах бичиг зохиосон эрдэмтэн мөн Монгол улсын
хамгийн анхны Докторын зэрэг хамгаалсан хүн юм.
Б.Ринчен нь тухайн үеийнхээ
БНМАУ болон ЗХУ-ын төрийн тэргүүнүүдэд өөрийг нь гүтгэн доромжилсныг
эсэргүүцэж, мөн нийгэмд байгаа гажуудлын талаар захидал бичин цаг үеэ шүүмжилж
байв. Монголын шинжлэх ухааны зүтгэлтэн, зохиолч, орчуулагч, соён гэгээрүүлэгч.
1961 онд БНМАУ-ын ШУА-ийн жинхэнэ гишүүн, академичаар сонгогджээ.
1914-1920 онд Оросын
Алексеевский сургуульд сурчээ. Хиагтад МАН-ын анхны хурал 1921 оны 3-р сарын
1-3-нд болоход Ринчен орчуулагчаар ажиллаж байв. Мөн тэрээр Верхнеудинск буюу
өнөөгийн Улаан-Үд хотын багшийн техникумд сураад, 1924 онд хэсэг монгол
оюутнуудын хамт Ленинградад үргэлжлүүлэн суралцахаар явж, Дорно хэлний ангид
элсэн сурсан байна.
Түүний багш нар нь оросын алдарт дорно судлаач Б.Я.Владимирцов, Ф.И.Щербатский, С.Ф.Ольденбург, Л.В.Щерба, В.В.Бартольд, В.М.Алексеев нар байжээ.
1927 онд сургуулиа төгсөөд Дорно судлалын диплом өвөртлөөд Улаанбаатарт ирж Монголын Гэгээрүүлэх яамны харъяа, Судар бичгийн хүрээлэнд ажиллажээ. 1937 онд тухайн үеийн нийгмийг шүүмжилсэн хэргээр баригдан шоронд хоригдож байв. Улмаар 1942 онд суллагдаж, МАХН-ын Төв хорооны шийдвэрээр “Үнэн” сонины газарт заагдан 1958 он хүртэл арван зургаан жил ажилласан байна.
1956 онд “Монгол хэлнүүдийн
харьцуулсан түүхэн хэлний зүй” бүтээлээрээ хэл бичгийн ухааны доктор цол
хүртэж, 1961 онд “Монгол бичгийн хэлний зүй” бүтээлээрээ Шинжлэх ухааны
академич болсон байдаг.
Ulaanbaatar