Үерийн улмаас Вьетнамд 300 сая долларын хохирол учирчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-11-24 08:41:38

ХАНОЙ, 2025 оны арваннэгдүгээр сарын 24 /ВВС/. Вьетнамд олон хоногийн турш үргэлжилсэн хүчтэй аадар борооны улмаас үүссэн үер, хөрсний нуралтад өртөж 90 хүн амиа алдаж, 12 хүн сураггүй алга болжээ.


Засгийн газрын мэдээллээр, улсын хэмжээнд 186 мянга гаруй барилга байшин эвдрэн сүйдэж, 3 сая гаруй толгой мал үрэгдэж, нийт хохирлын хэмжээ 300 сая доллароос давсан байна.   


Хамгийн ихээр хохирол амссан газар бол уулархаг бүсэд орших Даклак муж бөгөөд тэнд 60 гаруй хүн амиа алджээ. Сүүлийн хэдэн сарын дотор хэд хэдэн удаа байгалийн гамшиг тохиосон бөгөөд хэдэн долоо хоногийн зайтайгаар “Калмаэги”, “Буалой” хар салхи дайран өнгөрсөн байна.


Албан хүмүүсийн мэдээллээр, ням гаргийн өглөөний байдлаар 258 мянган хүн гэрэл цахилгаангүй болж, гол авто ба төмөр замууд хаагджээ. Вьетнамын өмнөд нутгийн Куангнгай, Зялай, Даклак, Кханьхоа, Ламдонг гэсэн 5 муж гамшигт хамгийн ихээр өртсөн байна. Эдгээр мужийн иргэдэд тусламж үзүүлэхийн тулд цэргийн болон цагдаагийн албан хаагчдыг дайчилжээ.


ӨАБНУ-д G20-ийн уулзалтад уригдан оролцож буй Ерөнхий сайд Фам Минь Тинь ням гарагт видео холбоогоор шуурхай зөвлөгөөн хийсэн байна.


Баасан гарагт хур тунадасны түвшин 5,2 м-ээс давсан нь 1993 оноос хойш үзэгдээгүй тохиолдол юм. Ойрын өдрүүдэд бороо зогсох төлөвтэй байна.  


Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас Вьетнамын нутаг дэвсгэр байгалийн гамшигт илүү өртөмтгий эмзэг болж, хар салхины давтамж нэмэгдэж, улам хүчтэй болж байгааг эрдэмтэд анхааруулсаар байгаа юм.   

関連ニュース