Акитад баавгайтай холбоотой зам тээврийн ослын тоо эрс нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2025-11-12 17:40:28

АКИТА, 2025 оны арваннэгдүгээр сарын 12 /Kyodo/. Японы зүүн хойд нутгийн Акита мужид баавгайтай холбоотой зам тээврийн ослын тоо энэ оны эхний 10 сарын байдлаар түүхэн дээд үзүүлэлтэд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс тав дахин өссөнийг мужийн цагдаагийн газраас мягмар гарагт мэдээлжээ.


Энэ талаарх мэдээллийг 2020 онд эмхэтгэж эхэлснээс хойш нэг жилд хамгийн өндөр үзүүлэлт бүртгэгдэж буй нь энэ бөгөөд зөвхөн 10 дугаар сард л гэхэд 66 осол бүртгэгдсэн байна. 


Цагдаа нарын хэлснээр, амьтад ихэнх тохиолдолд ослын газраас зугтсан боловч жолоочийн мэдүүлэг болон бусад нотлох баримтад үндэслэн баавгайтай холбоотой осол болохыг тогтоосон байна. Харин энэ онд хүний ​​​​ биед гэмтэл учирсан тохиолдол бүртгэгдээгүй байна.


Өнгөрсөн онд баавгайтай холбоотой зам тээврийн 23 осол бүртгэгдсэн бол 2023 онд 101, 2022 онд 13, 2021 онд 34, 2020 онд 26 тохиолдол тус тус бүртгэгджээ. Энэ онд гарсан 118 ослын 80 орчим хувь нь улсын болон мужийн авто зам зэрэг ердийн зам дээр гарсан бол үлдсэн нь хурдны зам дээр гарсан байна.


Баавгайтай холбоотой зам тээврийн ослын тоо огцом өссөн нь Япон даяар баавгай үзэгдэх нь эрс нэмэгдэж байгаа үед тохиож байна. Засгийн газрын урьдчилсан мэдээллээр, дөрөвдүгээр сараас есдүгээр сар хүртэл баавгай үзэгдсэн тохиолдлын тоо 20 мянгаас давсан нь сүүлийн таван жилийн мөн үетэй харьцуулахад хамгийн өндөр үзүүлэлт болжээ.


Түүнчлэн дөрөвдүгээр сараас хойш баавгайн дайралтад өртөж 13 хүн амиа алдсан нь урьд бүртгэгдэж байгаагүй өндөр үзүүлэлт болсон бөгөөд есдүгээр сар хүртэлх хугацаанд 100 гаруй хүн дайралтад өртсөн байна. Мягмар гарагт Ямагата мужийн Йонезава хотын 75 настай оршин суугч хацар, мөрөн дээрээ баавгайд маажуулсны улмаас амь насанд аюултай гэмтэл авчээ.

関連ニュース