COP31 бага хурлыг Турктэй хамтран зохион байгуулахгүй гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2025-11-18 17:16:14

КАНБЕРРА, 2025 оны арваннэгдүгээр сарын 18 /Reuters/. Уур амьсгалын асуудлаарх ирэх оны НҮБ-ын бага хурлыг Австрали, Турк хоёр улсын аль нь зохион байгуулах вэ гэдэг асуудлаар үүссэн зөрчилтэй холбогдуулан Австралийн тал Турктэй хамтран COP31-ийг зохион байгуулахгүй гэдгийг Ерөнхий сайд Энтони Альбанезе мэдэгджээ. 


Австрали, Турк улсууд COP31 бага хурлыг зохион байгуулах хүсэлтээ 2022 онд гаргасан бөгөөд аль аль нь хүсэлтээ буцааж татаагүй тул Бразилын Белем хотод болж буй энэ оны COP30 уулзалтаар асуудлыг шийдвэрлэхээс өөр аргагүйд хүрчээ.


Туркийн тал Австралитай хамтран Уур амьсгалын асуудлаарх ирэх оны НҮБ-ын дээд түвшний уулзалтыг зохион байгуулах санал тавьсан боловч уулзалтыг зохион байгуулах асуудлаарх яриа хэлэлцээ одоог хүртэл шийдэгдээгүй хэвээр байна.


Ерөнхий сайд Энтони Альбанезе хэлэхдээ “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь конвенцын дүрэмд хамтран зохион байгуулах тухай тусгагдаагүй тул бид хамтран зохион байгуулахад оролцохгүй” гэжээ.


Альбанезе болон Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган нар сүүлийн хэдэн долоо хоногийн турш захидал солилцсон боловч нөхцөл байдал тодорхой болсонгүй, эсрэгээрээ талуудын байр суурь улам зөрчилтэй болсон байна. 


НҮБ-ын Дүрэмд "COP31-ийг зохион байгуулах ээлжтэй “Баруун Европ болон бусад орнууд” бүлгийн 28 гишүүний саналыг авсан байх шаардлагатай" гэж заасан байдаг бөгөөд энэ бүлэгт Австрали ба Турк улс багтдаг. Хэрвээ тус хоёр улсын аль аль нь тохиролцоонд хүрээгүй тохиолдолд уг бага хурлыг зохион байгуулах үүрэг автоматаар Бонн (Герман) хотод  шилжинэ, учир нь тус хотод Уур амьсгалын асуудал хариуцсан НҮБ-ын төв байрладаг. Гэвч Германы албаны хүмүүс уг форумыг зохион байгуулах хүсэлгүй байгаагаа мэдэгдсэн байна.

関連ニュース