Нам даралтын зуухтай айлуудад хорооны Засаг даргын тодорхойлолтоор түлш нэмж олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-10-30 10:15:09

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар гэр хорооллын айл өрхүүдийн түлшний хангамжийн асуудлаар хороодын Засаг дарга нартай  өчигдөр уулзжээ.


Нийслэлийн хэмжээнд 400 түлш борлуулах цэг ажиллаж буй. Цэгүүдийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, цаашид яаралтай авч хэрэгжүүлэх ажлуудаа эрэмбэлсэн байна. Хороодын Засаг дарга нар түлш савлагаан дээр бичсэн хэмжээндээ хүрэхгүй байх, зарим айл өрх байшин сууцны хэмжээ том, нам даралтын зуухаар халаалтаа шийддэг зэргээс үүдэн өдөрт нэг шуудай түлш хүрэхгүй байгаа асуудлаар иргэд гомдол санал хэлж байгааг хотын даргад уламжлав.


Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар ярихдаа, “Тавантолгой түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвтэй хороод хамтарч ажиллаж, өрхийн мэдээллийн бүртгэлийг нэн тэргүүнд шинэчлэх хэрэгтэй. Түлшний хулгайн асуудлыг таслан зогсоомоор байна. Үйлдвэрийн дамжлагаас хэрэглэгчдийн гарт ирж буй түлшний чанарын хяналтыг нэмэгдүүлэхийг үүрэг болгоё. Түлшний савлагаан дээр 25 кг гэж бичээд дутуу савласан байвал хариуцлага тооцно. Төрийн ажлыг хариуцлагатай хийх ёстой. Мөн том метр квадраттай, нам даралтын зуухтай сууцуудыг халаахад өдөрт олгож буй түлш хүрэхгүй байгаа асуудал ярьж байна. Хороон Засаг дарга нар айл өрхүүдээрээ явж, түлшний өдрийн хэмжээг нэмж, уян хатан ажиллах хэрэгтэй. Нам даралтаар халдаг зуухтай айлуудад хорооны Засаг даргын тодорхойлолтоор түлш нэмж олгох хэрэгтэй” гэв.


Ташрамд дурдахад, шуудай тутмаас 2-3.5 кг түлш дутуу байгааг хэрэглэгчид мэдээлж буй. Тэгвэл хотын даргын хэлснээр үүнээс хойш дутуу савлагаатай байвал холбогдох байгууллагад хариуцлага тооцохоор болж байна.


Иргэд “Хотула” апп болон “Сайн” карт, иргэний үнэмлэхийн QR кодыг уншуулан түлшээ авах боломжтой юм. 





関連ニュース