ОРХОН: Ахмадуудад эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх өдөрлөг зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-10-25 18:33:43

Баян-Өндөр, 2025 оны аравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн хөтөлбөрт ахмад настанд эмнэлгийн цогц үйлчилгээ үзүүлэх талаар тусгасан. Энэ хүрээнд Эрүүл мэндийн сайдын тушаал гарч, эмнэлгийн тусламж үйлчилгээг ахмадуудад үзүүлж байна. 


Өнөөдөр “Эрдэнэт медикал” эмнэлгийнхэн ахмадуудад эмнэлгийн цогц тусламж үйлчилгээ үзүүлэх өдөрлөг зохион байгуулж, Эрдэнэт үйлдвэрийн 50 орчим ахмад оролцов. Тэд нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлж, бие бялдрын болон сэтгэл зүйн тест бөглөн, хараа, сонсгол, тулгуур эрхтний үнэлгээ хийлгэлээ. “Эдгээр хүмүүс өмнө нь эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан. Ахмад настнуудын насжилт, эрүүл идэвхтэй амьдралыг уртасгахад ICOPE үнэлгээний ач холбогдол оршиж байна. Уг өдөрлөгийг ахмадуудын чанартай, идэвхтэй амьдралыг дэмжих зорилгоор зохион байгуулж байна” гэж Эрдэнэт медикал эмнэлгийн гүйцэтгэх захирал П.Сувдаа онцлов. 


Тус эмнэлгийн тусламж үйлчилгээ хариуцсан орлогч захирал Б.Мөнхжаргал хэлэхдээ, “Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталсан ахмад настны цогц тусламж үйлчилгээ (ICOPE) үзүүлэх заавар нь ахмадуудад тулгарч буй асуудлыг шийдэх бодлогын баримт бичиг юм. Ахмадууд эрүүл мэндийн байдлаасаа шалтгаалан танин мэдэхүйн, сэтгэл санааны, харааны, хөдөлгөөний, сонсголын бэрхшээлтэй тулгардаг. 

Энэ бэрхшээлүүдээс урьдчилан сэргийлж, эрүүл насжилтыг бий болгох, өвдөлтгүй, зовуурьгүй амьдруулах зорилт тавигдаж байна. Иймээс ахмадуудаас сэтгэл зүйн тест авч, нарийн мэргэжлийн эмч нар зөвлөгөө өглөө. 

Мөн тэдэнд ямар эмчилгээ хэрэгтэй байгааг зөвлөж, зайлшгүй шаардлагатай эмүүдийг нь бэлэг болгон өглөө. Даралт, холестерин, хаван буулгах эмүүд өгснөөс гадна агаар салхинд алхах, дасгал хөдөлгөөн хийх, зөв хооллолтын талаар зөвлөлөө. Мөн байнгын асаргаанд байдаг таван ахмадад эмч сувилагч нар гэрээр нь очиж, асаргаа сувилгаа  үзүүллээ” гэж Эрдэнэт үйлдвэрийн ХМОНХА-аас мэдээллээ.




関連ニュース