Австралийн усанд сэлэлтийн од А.Титмус зодог тайлна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2025-10-16 12:50:35

СИДНЕЙ, 2025 оны аравдугаар сарын 16 /AFP/. Олимпын дөрвөн алтан медальт Ариарн Титмус усанд сэлэлтийн спортоос зодог тайлж байгаагаа пүрэв гарагт зарлаж, ийм шийдвэрийг гаргахад маш хэцүү байсныг онцлон хэлжээ. 


Өдгөө 25 настай австрали бүсгүй Парисын Олимпоос хойш урт хугацааны завсарлага авсан боловч 2028 оны Лос-Анжелесын наадамд оролцохын тулд их спортдоо эргэн ирэхээр төлөвлөж байгаагаа өмнө нь илэрхийлж байсан юм.


“Хэцүү, үнэхээр хэцүү шийдвэр байлаа, гэхдээ би маш сэтгэл хангалуун байгаа. Миний бие үргэлж усанд сэлэх дуртай байсан, бяцхан охин байхаасаа л энэ бүхнийг хүсэж мөрөөдөж ирсэн. Гэхдээ их спортоос хөндийрсөн цаг хугацаандаа амьдралд маань үргэлж чухал байсан зарим зүйл усанд сэлэхээс илүү чухал гэдгийг ойлгосон” гэж тэрбээр “Инстаграм” хуудсандаа бичжээ.


А.Титмус Токио, Парисын Олимпоос 400 м-ийн чөлөөт сэлэлтийн төрөлд алтан медаль хүртсэн бол энэ оны эхээр Канадын залуу тамирчин Саммер Макинтош түүний тогтоосон дээд амжилтыг эвдсэн юм. Гэхдээ А.Титмус 200 м-ийн төрөлд дэлхийн дээд амжилтыг эзэмшсэн хэвээр байна.


Ингэснээр А.Титмус Олимпын найм, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний ес, Хамтын нөхөрлөлийн орнуудын наадмын найман медаль зэрэг олон улсын тэмцээнүүдээс нийт 33 медаль хүртсэн амжилттайгаар зодог тайлж байна.

 


関連ニュース