MONGOLIAN NATIONAL
NEWS AGENCY

Гана улсын шигшээ 2026 оны ДАШТ-д оролцох эрхээ авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2025-10-13 11:45:20

АККРА, 2025 оны аравдугаар сарын 13 /Fox Sports/. Бүгд Найрамдах Гана Улсын шигшээ баг 2026 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд /ДАШТ/ оролцох эрхийг авсан Африкийн тав дахь улс боллоо. 


Ингэснээр 2010 оны ДАШТ-ий шөвгийн наймд шалгарсан тус баг ирэх онд АНУ, Канад, Мексикт болох тэмцээнд Алжир, Египет, Марокко, Тунисын багуудын хамт оролцоно.


Гана дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ баталгаажуулахын тулд I хэсгийн сүүлчийн тоглолтдоо Коморосын эсрэг оноо авах шаардлагатай байсан бөгөөд “Аккра” цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолтод 1:0-ээр хожсон байна. “Тоттенхэм” багийн довтлогч Мохаммед Кудус тоглолтын 47 дахь минутад шийдвэрлэх гоолыг оруулжээ.


Ингэснээр Гана 25 оноотой I хэсгийг тэргүүлж, хэсгээсээ автоматаар шалгарснаар тав дахь удаагаа ДАШТ-д оролцох эрхээ баталгаажууллаа. Харин Мадагаскар 19 оноотой хэсгийн хоёрдугаар байрт, Мали 18 оноотой гуравдугаар байрт жагсаж байгаа бол Коморос 15 оноотойгоор удаалж байна.


Ганачууд 2006, 2010, 2014, 2022 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан бөгөөд 2010 онд шөвгийн наймд шалгарсан нь хамгийн сайн үзүүлэлт болж байлаа. 

関連ニュース