Нийт шүүгчийн III чуулганаас Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүнийг сонгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
b.tuul@montsame.gov.mn
2025-10-10 10:35:34

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Нийт шүүгчийн ээлжит III чуулган хоёр дахь өдрөө үргэлжилж байна.


Шүүхийн тухай хуульд зааснаар Нийт шүүгчийн чуулган Ерөнхий зөвлөл, Сахилгын хорооны тайланг сонсох, хууль тогтоомжийг боловсронгуй болгох саналыг Улсын дээд шүүхэд уламжлах, хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журмыг батлах, шүүхийн үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг хэлэлцдэг.


Энэ дагуу өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Мөнгөнцэцэг Ерөнхий зөвлөлийн тайлан, Шүүхийн сахилгын хорооны дарга Д.Ариунтуяа Сахилгын хорооны үйл ажиллагааны тайлан, Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч Нийт шүүгчийн II чуулганаас Улсын дээд шүүхэд уламжилсан асуудлын хэрэгжилтийн танилцуулга, Канадын Холбооны шүүхийн хэрэг эрхлэх Комиссарын газрын Олон улсын хөтөлбөрийн захирал Олег Шаков Канад улсын Гадаад харилцааны яамны санхүүжилттэй Канадын Холбооны шүүхийн хэрэг эрхлэх Комиссарын газар, Монгол Улсын шүүх эрх мэдлийн байгууллагууд хамтран хэрэгжүүлж буй “Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд” төслийн танилцуулгыг тус тус хийх юм. 


Түүнчлэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвших тухай хүсэлт ирүүлсэн шүүгчид нэр дэвших үндэслэл, хийх ажлын талаар танилцуулга хийх, оролцогчдоос болон сонирхогч этгээдээс ирүүлсэн асуулт, саналд хариулж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүнийг сонгож, чуулганаас гаргах тогтоолын төслүүдийн эцсийн найруулгыг сонсож, баталснаар Нийт шүүгчийн III чуулган өндөрлөнө.

関連ニュース