ДАРХАН-УУЛ: Тарьц, суулгацын 2.2 сая ширхэг нөөцтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2025-09-08 11:33:13

Дархан, 2025 оны есдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Намрын мод тарилтын бэлтгэл байдлыг аймгийн байгаль орчны газраас ханган мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэн, ААНБ-аас тоон судалгаа авч гаргажээ. Өнгөрсөн хаврын тарилтаар мод үржүүлгийн газарт ургуулж, бойжуулж буй 2.2 сая тарьц суулгацын нөөц байгааг БОГ-аас мэдээллээ.


Өнөөдрийн байдлаар мод үржүүлгийн чиглэлээр 16 иргэн, ААНБ үйл ажиллагаа явуулж байгаагаас ойн мэргэжлийн зургаан байгууллага мод тарих үндэсний хөдөлгөөнд идэвхтэй оролцож байна.


Ойн мэргэжлийн байгууллагууд тавдугаар сарын байдлаар 12 нэр төрлийн модлог ургамлын 391.7 кг үрийн нөөц бүрдүүлж, хаврын тарилтыг хийжээ.




Энэ жилийн тухайд доройтсон ойг нөхөн сэргээх, ойн санг нэмэгдүүлэх чиглэлээр 158 га талбайд 386.200 ширхэг, цөлжилт, тариалангийн талбай хамгаалах ойн зурвас байгуулах чиглэлээр 36.000 ширхэг нийт 512.400 ширхэг мод бут тарих ажилд 2929 иргэн, 101 аж ахуйн нэгж, байгууллага оролцож, улс, орон нутгийн төсөв, аж ахуйн нэгжийн нийт 1.8 тэрбум.төгрөг зарцуулсан байна.


Орон нутгийн төсвийн 110.2 сая төгрөгийн хөрөнгөөр Хонгор сумын Зулзагын голын нарсан ойг тэлэх ойжуулалтын ажлыг гурван га талбайд хийж 1200 нарс суулгасан. Мөн “Оюу толгой ХК-ийн хөрөнгө оруулалтаар Зурамтайн аманд 150 га талбайд 375.000 нарс тарьж, ургуулах ажлыг хоёр аж ахуйн нэгж, байгууллага хийжээ.


Хонгор сумын нутаг Хургад гэх газарт уул уурхайн улмаас эвдэрсэн техникийн нөхөн сэргээлт хийсэн 5 га газарт орон нутгийн төсвийн 20.0 сая төгрөгийн санхүүжилтээр мод тарих ажлыг Алд дэлгэм ХХК гүйцэтгэж байна. Гэрээний дагуу 10.000 ширхэг улиас, бургас, нарс төрлийн модыг тарьж, ургуулах бөгөөд хяналтыг аймгийн байгаль орчны газрын мэргэжилтнүүд хийж байна.


Ташрамд, "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн эхэлснээс хойш буюу 2022-2025 хооронд 1.428.899 мод тарьжээ.

関連ニュース