ДАРХАН-УУЛ: Малчид нөөцөд бэлдсэн өвс, тэжээлээ хэрэглэж эхэлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2025 оны арванхоёрдугаар сарын 11 / МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд бөгөөд улсын Онцгой комиссын дарга Х.Ганхуяг, 21 аймаг, 9 дүүргийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийлээ. Уг хурлаар өвөлжилт, өвс тэжээлийн нөөц, малчин, мал бүхий иргэдийн нөхцөл байдал, аймаг, сумдын өвөлжилтийн бэлтгэл бэлэн байдлыг хангуулах чиглэлээр үүрэг өглөө.

Жилийн эцсийн мал тооллого улсын хэмжээнд эхэлсэнтэй холбогдуулан аюулгүй байдлыг хангах, хол ойрын замд эрсдэл үүсэх, малчдад хүрч ажиллахад анхаарах хэрэгтэйг санууллаа.
Дархан-Уул аймгийн хэмжээнд 40 чиглэлд 159 тоологч мал тооллогыг явуулж байна. Ингэхдээ мал тоолохоос гадна малчдын өвөлжилтийн нөхцөл байдлын судалгааг хийж байгааг аймгийн ОБГ-ын дарга А.Алтансүх мэдэгдсэн. Цас их орсны улмаас бэлчээр хүндрэлтэй болсон тул малчид нөөцөд бэлдсэн өвс тэжээлээ хэрэглэж эхэлжээ.

12 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар аймгийн нутгаар цасны дундаж зузаан 14-19 см, хунгар ихтэй газарт 29-45 см цастай байна. Зудын эрсдэлийн үнэлгээгээр Дархан-Уул аймаг бүхэлдээ цагаан зудархуу гэж үнэлэгдсэн талаар аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Ташрамд, 2025-2026
онд өвөлжиж, хаваржих малын тоог урьдчилсан байдлаар гаргахад 238.221 толгой
мал буюу хонин толгойд шилжүүлснээр 612.415 толгой мал байна. Аймгийн өвс,
тэжээлийн нөөцийг төвлөрүүлсэн бөгөөд 260 тн өвс, 130 тн тэжээл бэлтгэжээ.
Ulaanbaatar