Афганистанд амиа алдсан хүний тоо 2200-гаас давжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2025-09-05 11:07:18

КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 5 /DW/. Афганистанд болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 2200 даваад буй энэ үед амьд үлдсэн хүмүүсийг аврах-эрэн хайх ажиллагаа үргэлжилсээр байна. 


Талибуудын засгийн газрын хэвлэлийн төлөөлөгчийн орлогч Хамдулла Фитрат пүрэв гарагт мэдэгдэхдээ, амиа алдагсдын дийлэнх нь, мөн гэмтэж бэртсэн хүмүүсийн 4000 орчим нь Пакистантай хиллэдэг уулархаг Кунар мужид бүртгэгдсэн гэлээБайгалийн гамшигт нэрвэгдсэн хүмүүст зориулж майхан барих, анхны болон яаралтай тусламжийн хэрэгслийг хүргэх ажил үргэлжилж байна гэж тэрбээр хэлжээ.


Өнгөрсөн ням гарагт болсон 6.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт нь Афганистанд сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд хамгийн олон хүний амь насыг авч одсон газар хөдлөлтийн нэг болоод байгаа бөгөөд мягмар гарагт 5.2 магнитудын хүчтэй чичирхийлэл бүртгэгдсэн тухай АНУ-ын Геологийн алба (USGS) мэдээлсэн байна.


Пүрэв гаргийн орой зүүн нутгийн Жалалабад хотод, Пакистантай залгаа хилийн ойролцоо бүсэд дахин нэлээд хүчтэй газар хөдлөлт болсныг USGS 5.6 магнитудын хүчтэй гэж урьдчилсан байдлаар тогтоожээГазар хөдлөлтийн дараа болсон олон удаагийн чичирхийллийн улмаас хад чулуу, хөрс нурснаар зам хаагдаж, хуурай замаар очиход хүндрэлтэй болсон нь аврах ажиллагаанд саад учруулж байна.


Амьд үлдсэн олон хүн алслагдсан тосгодод нурангид дарагдсан хэвээр байгаа гэж мэргэжилтнүүд үзэж байгаа бөгөөд тэднийг эсэн мэнд аврах хугацаа улам бүр багасаж байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага лхагва гарагт мэдэгджээ. Мөн Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооноос хүмүүнлэгийн тусламжийн хэрэгцээ асар хурдацтай нэмэгдэж байгааг мэдэгдсэн байна. Газар хөдлөлтөд 1.3 сая гаруй хүн өртөж, олон зуун байшин барилга эвдэрч сүйджээ.


Афганистанд олон арван жилийн турш үргэлжилсэн мөргөлдөөний дараа хүмүүнлэгийн хямрал нүүрлэсэн хэвээр байгаа юм. Түүнчлэн сүүлийн жилүүдэд хөрш Пакистан, Иранаас буцаж ирсэн олон сая афганчуудтай холбоотой асуудлыг зохицуулахаар ажиллаж байна. Газар хөдлөлт бол Афганистанд нүүрлэсэн цорын ганц гамшиг биш. Тус улсад хүнсний аюулгүй байдал, ган гачиг, хөрш зэргэлдээ орнуудаас олон зуун мянган афган дүрвэгсэд буцаж ирсэн зэрэг асуудлууд хэдийн тулгараад байна” гэж Норвегийн дүрвэгсдийн зөвлөлийн төлөөлөгч Жакопо Кариди хэлжээ.


Талибууд 2021 онд засгийн эрхийг гартаа авснаас хойш дэлхийн хамгийн ядуу буурай орнуудын нэг Афганистанд үзүүлэх гадаадын тусламж эрс багассан нь гамшигт хариу арга хэмжээ авах чадамжийг улам сулруулсан байна. Ням гарагт болсон газар хөдлөлт нь талибууд засгийн эрхэнд дахин гарснаас хойших гурав дахь удаагийн газар хөдлөлт юм. НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгч Стефан Дюжаррик мэдэгдэхдээ, хүмүүнлэгийн тусламж асар их хэрэгцээтэй байгааг онцлоод, газар хөдлөлтийн хариу арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх боломжтой бүх талд тусламж үзүүлэхийг бидний зүгээс уриалж байна гэжээ.  

 


関連ニュース