Филиппинд цунамийн түгшүүр зарлажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2025-10-10 11:10:09

МАНИЛА, 2025 оны аравдугаар сарын 10 /BBC/. Филиппиний Минданао мужид өнөө өглөө 7.4 магнитудын хүчтэй газар хөдөлсний дараа тус улсын эрх баригчид цунамийн аюулын түгшүүр зарлалаа.


Газар хөдлөлтийн голомтоос 300 гаруй км-ийн зайд орших Индонезийн хойд нутгийн Сулавеси болон Папуа мужуудад мөн цунамийн сэрэмжлүүлэг гаргасан байна. Индонезийн Геофизикийн агентлагаас эдгээр бүс нутагт цунамийн аюул нүүрлэж болзошгүй гэж мэдэгджээ.


Филиппиний зарим эргийн дагуу 3 хүртэлх метрийн өндөр давлагаа үүсэж болзошгүйг Номхон далайн цунамийн аюулаас сэрэмжлүүлэх төвөөс анхааруулсан байна. Харин Индонез болон Палаугийн зарим эрэгт нэг м-ийн өндөр давлагаа үүсэж болзошгүй байна.


Цунамийн эхний давлагаа орон нутгийн цагаар 11:43 цагаас өмнө ирж магадгүй бөгөөд хэдэн цагийн турш үргэлжилж болзошгүй гэж Филиппиний эрх баригчид мэдэгджээ. Тус улсын Галт уул, газар хөдлөлт судлалын хүрээлэн гамшигт нэрвэгдсэн мужуудын эрэг орчмын бүсэд амьдарч буй оршин суугчдаас “нэн даруй өндөр газар руу эсвэл эх газар руу явахыг” хүссэн байна.


Галт уул, газар хөдлөлт судлалын хүрээлэн мөн усан онгоц эзэмшигчдэд хөлгөө бэхэлж, далайн эргээс холдохыг зөвлөжээ. Харин хэдийн далайд гарсан усан онгоцнуудыг цаашид зөвлөгөө өгөх хүртэл эргээс зайдуу байх ёстой гэж мэдэгдсэн байна.

関連ニュース