ХОВД: Шилдэг эмч, мэргэжилтнийг урамшууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны наймдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Эрүүл мэндийн салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн баярыг тохиолдуулан “Чадварлаг эмч, мэргэжилтнийг дэмжих, урамшуулах журам”-ын дагуу өнөөдөр 20 гаруй эмч, сувилагч, эмнэлгийн бусад мэргэжилтэнд мөнгөн урамшуулал олголоо.
Тодруулбал, ажил үйлс, мэдлэг чадвараараа салбартаа манлайлж буй найман эмч, найман сувилагч тус бүрд 30 сая төгрөгийн батламж гардуулсан юм.
“Чадварлаг эмч” төрөлд Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Арьс судлалын тасгийн их эмч К.Мөнхжаргал, Гэмтлийн их эмч Б.Батбулган, Дурангийн эмч Б.Энхжаргал, Эх барих, эмэгтэйчүүдийн их эмч Э.Мөнхчимэг, Хүүхдийн уушгины их эмч П.Өөдөсмаа болон Буянт сумын Эх барих, эмэгтэйчүүдийн их эмч Т.Энхтуяа, Булган сумын Эх барих, эмэгтэйчүүдийн их эмч Д.Оюунбулгаа, Бугат өрхийн эрүүл мэндийн төвийн Хүүхдийн их эмч О.Гэрэлзаяа нар шалгарчээ.
Харин “Чадварлаг сувилагч” төрөлд Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Мэс заслын сувилагч Ш.Зээхүү, Эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэхийн сувилагч Т.Энхцэцэг, Дотоод шүүрлийн сувилагч Х.Насанхишиг, Халдварт өвчний сувилагч П.Мажигсүрэн, Уушгины спирограммын сувилагч М.Буянхишиг, Мэдрэлийн тасгийн сувилагч М.Алтанай болон Зэрэг сумын Эрүүл мэндийн төвийн вакцинатор сувилагч Д.Одончимэг, Үенч сумын Эрүүл мэндийн төвийн вакцинатор сувилагч А.Батцэцэг нар шалгарсан юм.
Мөн “Чадварлаг тусгай мэргэжилтэн” төрөлд Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний
төвийн Лабораторийн эмч С.Отгончимэг, Статистикч бага эмч Б.Жүгдэрдулам, Зоонозын
өвчин судлалын төвийн Амьтан судлагч Ц.Сайнбилэг нар шалгарч, тус бүр 30 сая төгрөгийн батламж авлаа. Түүнчлэн “Чадварлаг бусад мэргэжилтэн” төрөлд Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний
төвийн Сэтгэцийн эмгэг судлалын тасгийн үйлчлэгч Д.Гантуяа, Эрдэнэбүрэн сумын Эрүүл
мэндийн төвийн жолооч Ц.Баатарчулуун нар шалгарч, 10 сая төгрөгийн
батламж авав.
Ийнхүү эрүүл мэндийн салбарын 100 жилийн ойгоор хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлсэндээ эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүд талархалтай байлаа.