ХОВД: Хөөмийн наадам наймдугаар сарын 2-4-ний өдөр болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны долоодугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Олон улсын хөөмийн зургаадугаар наадмыг Ховд аймагт зохион байгуулах ажлын баг хуралдлаа.
Хөөмийн
наадам энэ оны наймдугаар сарын 2-4-ний өдөр Ховд аймгийн төвд болно. Иймээс соёл
урлаг, бусад мэргэжлийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын багийг томилж, бэлтгэл
хангаж байна. Ажлын
багийнхан өчигдөр хуралдаж, наадмын бэлтгэл ажлын явц, зарим анхаарах асуудлын талаар
мэдээлэл солилцов.
Тус наадмын хүрээнд “Монгол хөөмийн урлаг” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулахаар төлөвлөжээ. Үүнд 10 гаруй эрдэмтэн, судлаач оролцохоор илтгэлээ ирүүлсэн байна. Мөн дөрвөн төрлөөр өрнөх хөөмийн уралдаанд ОХУ, БНХАУ, Монгол Улсаас 70 орчим хөөмийч оролцохоор бүртгүүлжээ.
Өвлөн
уламжлагчид, урлаг, соёл, боловсролын салбарынхнаас гадна иргэд дээрх олон
улсын хөөмийн наадам, эрдэм шинжилгээний бага хурлыг үзэж сонирхох боломжтой.
Наадмын
зорилго нь хөөмийн уламжлалт урын санг сурвалжлан илрүүлэх, судлан сурталчлах,
өвлүүлэн хөгжүүлэх, хадгалан хамгаалах, билэг авьяастныг тодруулж алдаршуулах,
хөөмийчдийн ур чадварыг нэмэгдүүлж олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд
чиглэх юм.