Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 19 /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж тэргүүтэй гишүүд Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа.
Хууль санаачлагчдын зүгээс 2015 онд онцгой
албан татварын хувь хэмжээг 400 мянган төгрөг, дизель түлшийг 520 мянган төгрөг
болгон тогтоосноос үүдэж, завсрын бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэж, уг
бүтээгдэхүүнд онцгой албан татвар, тусгай зөвшөөрөл шаардахгүй байгаа нь
хуурамч шатахуун үйлдвэрлэх гол шалтгаан гэж үзэж байна. Нефть үйлдвэрлэл,
борлуулалтын үйл ажиллагаа явуулдаг зарим компани хуурамч шатахуун үйлдвэрлэж,
иргэдийг хохироосоор байгаа бөгөөд 19 дүгээр зуунд тракторын хөдөлгүүрт ашиглаж
байсан, өдгөө зөвхөн нисдэг тэрэг, онгоцны сэнс цэвэрлэхэд ашигладаг нафта
зэрэг бүтээгдэхүүний импорт манай улсад өссөөр байгаа нь энэ төрлийн түүхий
эдийн хольцтой хуурамч шатахуун үйлдвэрлэж, иргэн, аж ахуй нэгжийг хохироож
байна гэж үзжээ. Тухайлбал, хольцтой шатахуун хэрэглэснээр машины тоног
төхөөрөмж амархан эвдэрч, хоёр жилийн дотор хэрэглээнээс гардаг. Автомашины
эвдрэлээс шалтгаалж хар утаа хаяж, хорт бодисын улмаас амьсгалын замын
өвчлөлийг нэмэгдүүлж байна хэмээн танилцууллаа.
Ялангуяа жирэмсэн эх, бага насны хүүхдүүд хуурамч шатахуун хэрэглэсэн автомашинаас гарах утаанаас болж амьсгалын эд эрхтэн нь гэмтэж буйг тайлбарлав. Тиймээс уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай байна гэж үзжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.