СЭЛЭНГЭ: Органик хүнс нийлүүлэгч аймаг болно
ФОТО МЭДЭЭ
Сүхбаатар,
2025 оны зургаадугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг Монгол Улсын
Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний
хөдөлгөөнийг дэмжиж, аймгийн Засаг даргын 2025-2028 оны үйл ажиллагааны
хөтөлбөртөө улсын хэрэгцээт төмс, хүнсний ногооны хангамжийн 40-50 хувийг
дангаараа үйлдвэрлэх зорилт дэвшүүлсэн.
Энэ утгаараа “Органик хүнс
нийлүүлэгч аймаг” болохоо зарлаад байгаа.
Энэхүү хөтөлбөр зорилтыг хэрэгжүүлэхэд АДРА Монгол ОУБ-ын “Органик хөдөө аж ахуйн түншлэл-II” төсөл чухал үүрэг гүйцэтгэж байна. Иймээс төслийн үйл ажиллагааг дэмжиж төрийн зүгээс гурван чиглэлд:
-Органик хүнс үйлдвэрлэгч хоршоологчдын үйл ажиллагааг дэмжиж, худагны асуудлыг бүрэн шийдэх,
-Сэлэнгэ аймгийн ерөнхий боловсролын 35 сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрт “Таванхан” дундын хоршооны тарьж ургуулсан органик төмс, хүнсний ногоог бодлогоор дэмжин нийлүүлэх,
-Органик хүнс үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаа зохион байгуулж, сурталчлах зэргээр хамтарч ажиллана гэдгээ аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог онцолсон.
Энэ удаа АДРА Монгол олон улсын
байгууллагын “Органик хөдөө аж ахуйн түншлэл-II” төслөөс Сэлэнгэ
аймгийн 15 хоршоонд 114 сая төгрөгийн үнэ бүхий ХАА-н бага оврын тоног
төхөөрөмж, багаж хэрэгсэл, хүлэмжийн дэмжлэг үзүүллээ.
Энэ үеэр Сэлэнгэ аймгийн 11 суманд
органик хүнс үйлдвэрлэж буй хоршоологчид бүтээгдэхүүний дээжээ төслийн
багийнханд дэлгэн харууллаа.
Дээрх тоног төхөөрөмж хүлээлгэн
өгөхөд “АДРА Монгол” ОУБ-ын суурин төлөөлөгч Винделл Маранан, аймгийн Засаг
даргын орлогч Ж.Сайнцог, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Х.Батцэнгэл болон төслийн
багийнхан, хоршооны гишүүд, төлөөллүүд оролцлоо.
Сэлэнгэ аймаг нь АДРА Монгол ОУБ-тай
2018 оноос хойш хөдөө аж ахуйн чиглэлээр төсөл хэрэгжүүлж, хамтран ажиллаж
байгаа юм.
Энэ хугацаанд тус аймгийн 30 хоршоонд
нийт 600 орчим сая төгрөгийн хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж болон ажлын байранд
дэмжлэг болохуйц багаж хэрэгслүүдийг үе шаттай нийлүүлжээ.
Энэ нь органик үйлдвэрлэл
эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжиж, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн тоо хэмжээг
нэмэгдүүлэх, олон нийтэд сурталчлах, дэмжих механизмыг бүрдүүлэхэд ихээхэн үр
дүнгээ өгчээ.
АДРА Монгол ОУБ-ын “Органик хөдөө аж ахуйн түншлэл-II” төсөл Сэлэнгэ аймагт 2026 оны 12 дугаар сарыг дуустал үргэлжилнэ.