Урианхай Д.Тангадын бүтээлийн чуулбар үзэсгэлэнг дэлгэлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-05-23 18:12:18

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Зураач, судлаач, эсгий ширмэлч урианхай Д.Тангадын 80 насны ойд зориулсан бүтээлийн чуулбар үзэсгэлэнг Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд өнөөдөр нээлээ.


Энэхүү үзэсгэлэнгээр түүний амьдралын турш судласан угсаатны зүйн холбогдолтой судалгаа, ном бүтээлүүд, уламжлалт нүүдлийн ахуй соёлыг харуулсан уран зураг, өөрийн гараар урлан бүтээсэн эсгий ширмэл урлал, олон талын авъяас, сонирхолыг харуулсан бүтээлүүдийг дэлгэж байгаагаараа онцлогтой. Мөн оюутан цагийн анхны уран зураг, нийтэд хараахан хүртээл болоогүй байгаа дуу, шүлэгтэй нь танилцах юм. Шилжилтийн үеийн түүхий эд хомс эдийн засгийн үед тэрбээр өөрт олдох зүйлсийг ашиглан гэр ахуйн ихэнх эд хогшлоо өөрийн гараар урласныг олонд толилуулж байна. 


Угсаатны зүйч, соёл судлалын ухааны доктор PhD, дэд профессор Д. Тангад ярихдаа,  “Өнөөдөр 50 гаруй жил хийсэн ажлынхаа заримыг нь үзүүлж байна. Монгол соёлыг судалж байсан судалгааг цаасан дээр үзүүлэхээс өөр арга байхгүй. Ард түмэндээ үзүүлэхийг зорьсон гол зүйл бол Монголын уламжлалт гар урлал тэр дотроос эсгий урлалыг онцолсон. Яагаад гэвэл монголчуудыг түүхэндээ эсгий туургатан гэж нэрлэдэг. Бид эсгий урлалаараа илүү их ялгардаг, 4000 мянган жилийн өмнө хүннүгийн соёл, археологиос олдсон ширмэн урлалыг 1970 онд Ленинградын Эрмитажид дадлага хийж явж байхдаа анх харсан. Түүнээс хойш эсгий урлалыг бодитойгоор хийж, зурах болсон. 1990-ээд оны эхээр "Ноён Уул" бүтээлээ урласан. Булшнаас гарсан энэ олдвор бол монголчуудын тэнгэрийн болоод газрын шүтлэг, газар тэнгэрийн хооронд бие биетэйгээ эвсэж, бүтээсэн соёл юм. Эсгий урлалын түүхэн дэх энэ том өв тэмдэгийг хойч үеийнхэндээ үлдээх гэж хийгээд 20 гаруй жил болж байна. Монголчууд газрын бүтээлийг тэнгэрийн бүтээлтэй хослуулж хийдэг тэрнийхээ хүчээр амьдардаг тийм учраас “Ил далдын соёл” нэртэй бөөгийн бүтээлээ онцолж байна. Мөн эсгий урлалын онцлог нь монголчууд өөрсдөө хийдэг. Би маш олон хүнтэй уулзаж монголчуудын оюуны болон эдийн соёлыг хамт судалсан. 2018 онд бүтээлээ таван ботиор суурилж гаргасан. Монголчуудын домын соёлоор доктороо хамгаалсан. Эдгээр бүтээл дэлхийн соёл судлалд өөрийн гэсэн байр суурийг эзэлж байна” хэмээн ярилаа. 


Энэхүү үзэсгэлэнгийн онцлох бүтээлүүдийн нэг нь Ноён Уулын Хүннүгийн язгууртны булшнаас олдсон эсгий ширмэл ширдгийг дахин амилуулан бүтээсэн ширмэл  юм. Хоёр жил гаруйн хугацаанд урласан энэхүү бүтээл нь уламжлалт эсгий хийх аргыг, эх ширмэлээс дүрс буулгах гэх мэт нарийн түвэгтэй ажилтай хослуулан хийсэн нь урлагийн гоц бүтээл болоод зогсохгүй Европын олон музейд дэлгэж, олны хүртээл болсоор иржээ.


Уг үзэсгэлэн нь энэ сарын 23-27  хүртэл үргэлжлэх аж.







 

関連ニュース