Э.Мөнхзул: Монгол, Энэтхэг эрдэмтэд хоёр улсын харилцаанд олон сайхан түүх бичилцсэн байдаг
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГА
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Монгол Улс, БНЭУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ онд тохиож буй. Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа, ялангуяа хоёр орны иргэдийн найрсаг сайхан харилцааны талаар ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Бүс нутаг, олон талт хамтын ажиллагаа судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан Энхбаатарын Мөнхзулаас тодруулсан юм.
-Монгол,
Энэтхэгийн өнө эртний түүхтэй уламжлалт найрсаг харилцааны баялаг түүх хэрхэн
үндэс сууриа тавьсан байдаг вэ?
-Монгол, Энэтхэгийн харилцааг нэн эртний түүхтэй гэж судлаачид үздэг. Ингэж үзэж буй нь манай хоёр улсын шашин, соёлын харилцаанаас улбаатай. Газар зүйн хувьд бие биеэсээ алс оршдог ч 2700 гаруй жилийн турш Монгол, Энэтхэг хоёр улс нь түүх, соёлын харилцаатай байсаар ирсэн, бие биеэ оюун санааны хөрш орнууд гэж үздэг.
Манай хоёр улсын харилцаа Буддын шашин, соёлын харилцаан дээр тулгуурлаж өнөөг хүрсэн нь хоёр орны ард түмний хооронд шашин, соёлын нийтлэг үнэт зүйлсийг бий болгож, улам бэхэжсэн гэж хэлэх бүрэн үндэстэй.
Дэлхий
дахинаа өргөн тархсан, нөлөө бүхий шашны нэг болох Буддын шашин анх Энэтхэгт
бий болж Төвөд, Хятадад нэвтэрч, цаашлаад Азийн бусад улс оронд тархсан байдаг.
Монголчууд Энэтхэгийн хэл бичиг, түүх, соёлыг судалж, монгол хэл дээр орчуулах ажлыг
эрт цагаас хийж эхэлсэн түүхтэй. Тухайлбал, эртний Энэтхэгийн 4500 гаруй зохиолыг
багтаасан Ганжуур, Данжуур, 32 модон хүний үлгэр, Бигармижид хаан, Арж бурж
хаан, Шидэт хүүр гэх зэрэг олон зохиолыг орчуулан монгол хэлээр хэвлэсэн байдаг.
Энэтхэгийн шашин, соёлын нөлөө Монголд нэвтрэн дэлгэрсэн нь Монголын урлаг,
утга зохиол, монголчуудын аж амьдралд нөлөөлж, Энэтхэгээс гаралтай шатар,
зурхай, од гараг тоолох ёс зэргийг ашиглах болсон.
Шинэ Дели хотноо 1947 онд Азийн улс орнуудын харилцааны анхдугаар бага хуралд БНМАУ-ын төлөөлөгчид оролцож, Энэтхэгийн анхны Ерөнхий сайд Ж.Нерутай уулзсан нь БНМАУ, БНЭУ-тай дипломат харилцаа тогтоох урьдах нөхцөлийг бүрдүүлсэн. Тусгаар тогтнолоо 1947 онд олоод байсан Энэтхэг Улс 1950 онд Үндсэн хуулиа баталж тусгаар улс болж төвхнөж эхэлсэн. Чухам тэр үеэс манай хоёр улсын эртний уламжлалт найрсаг харилцааг хөгжүүлэх таатай нөхцөл бүрдсэн гэж үздэг. Ийнхүү Энэтхэгийн талаас дипломат харилцаа тогтоох санаачилгыг гаргаж, 1955 оны 12 дугаар сарын 24-нд БНМАУ, БНЭУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосон нь манай хоёр улсын орчин үеийн харилцааны суурь үндэс болсон юм.
Тухайн үед БНЭУ нь манай улстай дипломат харилцаа тогтоосон социалист бус анхны орон байснаараа онцлог байдаг.
-Хоёр орны хооронд дипломат харилцаа
тогтоосны 70 жилийн түүхэн ой тохиож байна. Хоёр орны харилцаа хэрхэн өрнөж өнөөдөртэй
золгов, хамгийн их идэвхжилийн үе нь хэзээ байдаг вэ?
- Ерөнхийдөө манай хоёр улсын харилцаа нэн эртний түүхтэй, одоог хүртэл тасралтгүй, харьцангуй идэвхтэй харилцсаар ирсэн улсууд гэж хэлж болно. Энэ нь ч манай хоёр улсын харилцааны онцлог юм. Гэхдээ ач холбогдол, цаг үед нийцтэй байдлаар нь авч үзвэл орчин үеийн хоёр талын харилцааг хамгийн идэвхтэй үе гэж тодорхойлж болно.
Дипломат харилцаа тогтоосноос хойш манай хоёр улсын хооронд өндөр, дээд түвшний айлчлалууд болж, үр дүнд нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн, хөгжүүлэх чухал баримт бичгүүдийг байгуулсан. Монголын Засгийн газар 1956 онд Шинэ Делид ЭСЯ-аа байгуулах шийдвэр гаргаж, тухайн жилдээ ажил хэрэг болгон хэрэгжүүлсэн. Харин Энэтхэг Улс арай хожуу буюу 1970 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Улаанбаатарт ЭСЯ-аа нээсэн байдаг. Энэ нь хоёр орны харилцааг ихэд ойртуулж цааш ахиулах үндэс болсон. Улмаар хоёр орны хооронд өндөр, дээд түвшний айлчлалууд болж эхэлжээ. Гэхдээ тэр үед хоёр орны харилцааг уламжлалт эртний харилцаа, шашин соёлын салбарт тулгуурлан хөгжүүлэхэд төвлөрч, яриа хэлэлцээний шинжтэй байсан нь ажиглагддаг.
Харин Монгол Улс 1990 оноос ардчилалд шилжсэнээр бодлого боловсруулагчид, эрдэмтэн судлаачид гадаад, дотоод орчны өөрчлөлтөд нийцүүлэн шинэ бодлого, стратегийг гаргаж, тодорхойлсон. Зөвхөн манай улс гэлтгүй Энэтхэг Улсын хувьд ч 1990-ээд оны эхэн үе сорилтын жилүүд байсан. Үүнд мэдээж тухайн үеийн олон улсын харилцааны нөхцөл байдал ихээхэн нөлөөлсөн. ЗХУ задарч, хоёр туйлт систем үгүй болсон нь манай хоёр улс төдийгүй дэлхийн бусад улс оронд томоохон нөлөө үзүүлж, өөрчлөлтийг авчирсан. Ардчилал, нийгэм, эдийн засгийн хөгжил, шинжлэх ухааны дэвшилд хүрэх зэрэг нийтлэг ашиг сонирхол нь хоёр талын улс төр, шашин, соёлын уламжлалт найрсаг харилцаанаас гадна бусад олон салбарт харилцаа, хамтын ажиллагааг бий болгон хөгжүүлэх боломжийг өргөтгөсөн. Монгол Улс 1994 онд гадаад бодлогын үзэл баримтлалаа анх баталж, 2011 онд шинэчлэхдээ оюун санааны хөрш БНЭУ-ыг гуравдагч хөршийн бодлогын хүрээнд харах болсон.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2009 онд бүрэн эрхийнхээ хүрээнд гадаад улс дахь анхны айлчлалаа БНЭУ-д хийж, манай хоёр улс иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоосон. Монгол, Энэтхэгийн хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тохиолдуулан БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди Монгол Улсад 2015 онд айлчлах үеэр хоёр улс өмнө нь байгуулаад байсан түншлэлийн харилцааг стратегийн түвшинд хүргэснээр хоёр талын харилцааны шинэ шат эхэлсэн түүхтэй.
Үүнээс хойш манай хоёр улсын харилцаа стратегийн түншлэлийн харилцаанд түшиглэж Монгол, Энэтхэгийн улс төр, нийгэм, эдийн засаг, соёл, боловсрол шинжлэх ухаан гээд олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж байна.
-Хоёр орны харилцааг
бэхжүүлэхэд хоёр улсын иргэд маш чухал үүрэг гүйцэтгэсэн нь лавтай. Хоёр улсын
найрсаг харилцааг илтгэх ямар сайхан түүхүүд байдаг вэ?
-Ж.Неругийн санаачилгаар 1947 онд Азийн улс орнуудын анхдугаар бага хурлыг Шинэ Дели хотноо зохион байгуулсан. Уг хуралд Азийн 26 орны 100 гаруй төлөөлөгч оролцсоны дотор Монголын төлөөлөгчид орж байв. Тухайн үеийн ШУА-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Ш.Лувсанвандан, Их сургуулийн эрдэм шинжилгээний ажилтан Лха.Норовсамбуу нар төлөөлөгчөөр оролцжээ. Энэ нь Ардын хувьсгалын дараа монголчуудын оролцсон Ази дахь олон улсын шинж чанартай анхны хурал байв.
Уг хуралд Монголын төлөөлөгчид 10 гаруй хоног 4 улсын нутгаар урт замыг туулан, жаахан хоцорч очиход Ерөнхий сайд Ж.Неру эелдгээр угтан авч өөрийн биеэр зарлан баяр хүргэж, хүндэтгэлтэйгээр хурлын индэрт урьсан сайхан түүх бий.
Азийн орнуудын олон улсын анхдугаар хуралд оролцсон нь манай улсын тусгаар тогтнол, олон улсын тавцан дахь нэр хүндэд ч ихээхэн ач холбогдолтой үйл явдал байсан юм.
Энэтхэгийн эрдэмтэн судлаач, доктор, профессор Рагу Вира Монголд очих хүсэлтэй байгаагаа хоёр орны Засгийн газарт уламжилж байснаар манай улсын ШУА-ийн урилгаар 1955 онд Монголд зочилсон байдаг. Тэрээр ЗХУ болон Монголд 3 сарын хугацаанд аялж, судалгаа хийсэн. Ингэхдээ гар бичмэл, уран зураг, уран баримал, хадны зураг, бичээсийг судалсан. АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга Ю.Цэдэнбал Рагу Вираг хүлээн авч уулзахдаа, “Монгол, Энэтхэгийн ард түмний соёлын харилцааг шинээр эхлүүлэхээр Монголд ирсэн анхны энэтхэг хүн боллоо” хэмээн онцолжээ.
Монгол, Энэтхэг хоёр орон энэ мэтчилэн төрийн болон
нийгэм, судалгааны байгууллагуудын хүрээнд харилцаж, хамтран ажиллахаас гадна
ард иргэд, хувь хүмүүсийн хооронд ч шашин, соёл, эрүүл мэндийн салбаруудад
харилцаа идэвхтэй өрнөж, тухайн улсын талаарх эерэг ойлголтыг бий болгож, итгэлцлийг
бэхжүүлэхэд нэмэр тусаа өгсөн үнэхээрийн сайхан түүх олон бий.
-Хоёр улсын найрсаг харилцаа хамтын ажиллагааны хүрээнд, нэн ялангуяа
худалдаа, эдийн засгийн салбарт сүүлийн үед ямар ололт амжилт гарч байна вэ?
-Манай хоёр улсын эдийн засгийн харилцаа улс төр, дипломат, соёлын харилцааг бодвол харьцангуй сул байдаг. Үүнд, мэдээж газар нутгийн алслагдмал байдал, болзошгүй бусад хүчин зүйлүүд нөлөөлж байгаа нь дамжиггүй. Тухайлбал, манай хоёр талын гадаад худалдаа, экспорт, импортын хэмжээ зарим гуравдагч хөрш орнуудынхтай харьцуулахад бага байна.
Энэтхэг улс худалдан авах чадвар сайтай, дэлхийд эдийн засгаараа 4-т ордог их гүрэн учир цаашид манай хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцаа өсөн нэмэгдэх бүрэн боломжтой юм. Монгол Улс Энэтхэгээс төрөл бүрийн эм, эмийн түүхий эд зэргийг авдаг. Харин сүүлийн жилүүдэд Энэтхэг Улс манай улсаас уул уурхайн бүтээгдэхүүн, тэр дундаа, коксжих нүүрс, хайлуур жонш, зэсийн баяжмал, төмрийн хүдэр зэрэг ашигт малтмал, ноос ноолуур импортоор авах сонирхолтой болсон.
Одоогоор манай хоёр улсын хамтран хэрэгжүүлж буй томоохон бүтээн байгуулалтын нэг бол газрын тос боловсруулах үйлдвэр юм. Уг төслийг анх 2015 онд Ерөнхий сайд Н.Модигийн Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр талууд тохиролцож баталсан. Монгол Улсын эдийн засаг, эрчим хүчний тусгаар тогтнолыг баталгаажуулах анхны газрын тос боловсруулах үйлдвэрийг Энэтхэгийн нэг тэрбум 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр барихаар шийдвэрлэсэн байдаг. Энэхүү төсөл нь Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдал болон эдийн засгийн өсөлтийг хангахад томоохон хувь нэмэр оруулна гэдэгт талууд санал нэгтэй байгаа юм. Уг төслийг дөрвөн хэсэгт хуваан хэрэгжүүлж байгаа бөгөөд 2026 онд бүтээн байгуулалтын ажил дуусаж, 2027 онд ашиглалтад өгөхөөр төлөвлөгджээ.
Монгол, Энэтхэг хоёр улс сүүлийн жилүүдэд аюулгүй байдал, батлан хамгаалах, хилийн аюулгүй байдлын чиглэлээр хамтын ажиллагаагаа хөгжүүлж байна. Аюулгүй байдал, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа ахицтай хөгжиж байна. Үүнд, Энэтхэг улсын хилийн хамгаалалтын алба болон Монгол Улсын Хил хамгаалах ерөнхий газар, хоёр улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хоорондын санаачилга багтаж байна. Монгол, Энэтхэгийн хооронд байгуулсан гэрээ хэлэлцээрүүдийн багагүй хувь нь Батлан хамгаалах салбар руу чиглэж байна.
-Хоёр улсын харилцааны хэтийн төлөвийг та хэрхэн үзэж байна вэ?
-Монгол, Энэтхэгийн харилцаа нь зөвхөн Буддын шашин, соёлын харилцаа, эртний хэлхээ холбоонд тулгуурладаг гэх ойлголтыг даван, өргөжин хөгжиж байна. Өнөөгийн олон туйлт олон улсын харилцаанд Энэтхэг гэх том гүрэнтэй бид эртнээс найрсаг харилцаатай байж энэ түвшинд хүрсэн нь олзуурхууштай. Энэтхэг бол эдийн засаг, цэрэг армийн хувьд, мөн боловсрол, соёл, хүмүүнлэг, техник технологийн зэрэг олон салбарт маш амжилттай, их өсөлтийг үзүүлж, хүчирхэгжиж байгаа орон. Тиймээс цаашид ч бусад салбарт хамтран ажиллах боломж, цар хүрээ өсөн нэмэгдэх нь дамжиггүй юм.