А.Долгор: Би хос биш, бүр гурван жигүүртэй
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Монголын сонгодог урлагт олон жил зүтгэн, дуурийн хэдэн арван гайхалтай дүр бүтээж, “Бодлын цагаан хун”, “Аргалд явсан ээж” зэрэг дуугаараа ард түмнийхээ талархлыг хүлээн, рок поп хамтлагийнхантай ч хамтран дуулж, сонгодог болон нийтийн дуу, поп урлагийг хослуулан дуулсан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, дуурийн дуучин А.Долгортой ярилцлаа.
-Та дуурийн дуучнаас гадна “Бодлын цагаан хун”, “Магнаг
цэнхэр дэлхий”, “Монголын тал нутаг”, “Эр хүн” зэрэг олон сайхан дуугаараа
монгол түмний зүрх сэтгэлд хайрлагдсан. Дуурийн дуучин нийтийн дуу дуулж
болохгүй гэдэг хэвшмэл ойлголтыг та эвдсэн гэж хэлж болох уу?
-Дуурийн дуучин бусад дуу дуулахгүй гэх хандлага өмнөх
үеийнхэнд маань байсан. Өмнөх үеийнхэн гэхээр Монгол Улсын Ардын жүжигчин,
дуурийн дуучин Д.Баадайжав, Д.Жамьянжав, Х.Уртнасан, Д.Жаргалсайхан гээд олон
хүнийг нэрлэж болно. Тэднээс өмнө бүр их хориглодог байсан гэдэг. Гэхдээ
Д.Баадайжав, Д.Жамьянжав, Д.Жаргалсайхан нар дууриас өөр дуу дуулдаг байсан л
даа.
Миний хувьд өмнө нь ганц нэг дуу дуулж байсан ч Италид 1990
онд мэргэжил дээшлүүлж байхдаа Италийн дуурийн дуучид итали дуунуудаа гоё
дуулдгийг хараад улам зориг орсон. Гэхдээ юмны цаг хугацаа, тохироо бүрдэнэ гэж
сонин тохиол байдаг. Бидний үеийнхэн яг дуулж эхлэх үед маш чадварлаг хөгжмийн
зохиолчид гарч ирж, дуурийнхан дуулчихаар, хоолойны цар хүрээ, чадлыг гаргахуйц
сайхан дуунуудыг зохиосон. Тэр үед “Морин хуур” наадмыг зохион байгуулсан нь
бүх юмны эхлэлийг тавьсан л даа. Энэ уралдаанд “Бодлын цагаан хун”
дуугаар 1990 онд оролцож түрүүлснээс хойш олон сайхан дуу дууллаа. Би хос жигүүртэй байя
гэж бодсон, бүр гурван ч жигүүртэй байх сонирхолтой. Дуучин хүн бүх л дууг
дуулах ёстой. Нийтийн дуунаас гадна поп дуучидтай олон дуу дуулсан. Хэмнэл энэ
тэрийг нь алдахгүй өөрийнхөөрөө дуулж болохыг хэд хэдэн дуугаар баталсан. Олон
хүн дуурийн театрт очиж үзвэр үзэхгүй. Монголын өргөн уудам нутагт тархсан,
төвөөс алс аймагт амьдардаг хүмүүс А.Долгор дуучныг радиогоор сонсож мэдсэн
учир хөдөө орон нутагт очиход намайг таньж, их сайхан хүлээж авдаг нь дууны
минь гавьяа гэж боддог.
-”Бодлын цагаан хун” дууны аялгуу нь аргадаад байгаа мэт, үг
нь гүн ухааны аястай ч юм шиг их сонин шүү дээ. Тийм дууг дуурийн хүчирхэг
хоолойгоор дуулсан нь содон сайхан санагддаг. Энэ дуу яагаад үзэгчийг татдаг
гэж та боддог вэ, мөн өөрийг тань яагаад татдаг вэ?
-Юмны тохироо бүрдэх гэж бий. “Бодлын цагаан хун” дууны бүх
тохироо бүрдсэн гэж боддог. Италид сурч байхдаа карнавалд сүйт бүсгүйн дүрд
дуулах завшаан тохиосон. Гоёмсог, тансаг, хун цагаан хуримын даашинзыг надад
зориулж оёж өгсөн юм. Хотын гудмаар гурван цагаан моринд хөлөглөсөн сүйх
тэрэгтэй явдаг дүр л дээ. Карнавалын дараа тэр цагаан даашинзыг надад
бэлэглэсэн. Сургуулиа төгсөөд ирэхэд хөгжмийн зохиолч Д.Баттөмөр надад яруу
найрагч Д.Амгалангийн шүлэг, гэгээн хайрын тухай “Бодлын цагаан хун” дууг өгсөн.
Хун бол гоёмсог, хосоо эндэхэд энэлэн гашуудаж, ганцаар амьдардаг, заримдаа
хойноос нь үхдэг тийм үнэнч шувуу. Хун цагаан даашинзаа өмсөөд дуулсан энэ дуу
ард түмэнд маш сайхан хүрсэн. Бүх юм нь цаг хугацааны хувьд тохирч, бүрдэж
дуулсан гэж боддог юм. Үнэхээр шүлэг нь шууд урсгаж уншихад ойлгохгүй, далд,
гүн утгатай.
“Цэцгэнд уйлсан нарны нулимс
Цэгээн талд сувдран унахад
Бодол эртний хун авхай
Богино шөнийн зүүдэнд ирэв ээ
Ай хө, зээ хө,
Өрөвч цагаан хүний санаа
Өдөн цагаан хунгийн заяатай” гээд хайрыг байгаль, хун, нар
сар, навч цэцгээр төлөөлүүлсэн гүн ухааны утгатай. Маш уран, гайхалтай хэлсэн
байгаа юм шүү. Энэ дуу маш их учир утгатай санагддаг даа.

-Гуч гаруй жил дуулсан энэ дуутай тань холбоотой сонин хачин
зүйлс олон байдаг байх, дурсамжаасаа хуваалцаж болох уу?
-“Бодлын цагаан хун” дуугаа дуулж уралдаанд түрүүлэхэд яруу
найрагч Д.Амгалан надад нэг хун дурсгал болгож өгсөн юм. Түүнээс хойш би хун
цуглуулаад, бараг 160-170 ширхэг болгосон байх. “Бодлын цагаан хун”-г дуулсан
20 жилийн ойгоороо сонгодог тоглолт хийж, хунгуудаараа үзэсгэлэн хүртэл
гаргасан. Цуглуулгын маань хамгийн том хун 50-60 см өндөр, жижиг нь чигчий
хурууны хумсны толионы дайтай. Модон, төмөр, шавар, шилэн, зэс, мөнгө, болор,
шаазан гээд янз янзаар нь цуглуулсан. Харин одоо хунгуудаа тараагаад, томыг нь
хүүхдүүддээ өгчихсөн. Ямар ч байсан би өөрөө сонирхож цуглуулахаа больсон.
-Ер нь таны хувьд, ямар дууг хамгийн олон дуулсан бэ?
-“Бодлын цагаан хун” дуу шүү дээ. Энэ дууг 35 жил дуулсан
атал үзэгчид одоо ч гайхалтай сайхан хүлээж авч алга ташдаг, үнэхээр хайртай
дуу минь. Намайг ард түмэнд таниулж, даль жигүүрийг минь ургуулсан сайхан уран
бүтээл минь юм даа.
-Та Жорж Бизегийн “Кармен” дуурьд 20 гаруй жил дуулсан. Гал
цогтой, эрч хүчтэй, халуун цустай испани бүсгүйн дүрд ази хүн, тэр дундаа
монгол хүн тоглоход аль хэр өөрийгөө “эвдсэн” бэ?
-Би меццо-сопран хоолойтой. Энэ ангилалд “Кармен” дуурь
багтдаг. Ийм хоолойтой дуурийн дуучин бүр “Кармен” дуулах мөрөөдөлтэй байдаг.
Дуурийн театр 1985 онд “Кармен”-ы сургуулилалт хийхэд, меццо-сопрано хоолойтой
ахмад дуучдаас Ц.Ерөө, Д.Баадайжав, дөнгөж төгссөн Ч.Мөнхшүр бид хоёр
бэлдэцгээсэн. Тайзны тавилт эхлэх үед би жирэмсэлж, найруулагчдаа нэлээн
загнуулж билээ. Эмэгтэй хүний л амьдрал юм даа. Ингээд эхний тоглолтод
орохгүй, оёдолд хуваарилагдаад хурууны өндгөө цоортол юм оёсон. Хүүгээ
төрүүлээд 2 жилийн дараа ирсэн. Анх жүжиг тавихад бүх юм жигд ажилладаг. Харин
тэр жүжигт сүүлд нэмж ороход хувь хүнээс асар их хичээл зүтгэл, хөдөлмөр
шаардсан. Учир нь, найруулагч нэг хүний төлөө жүжгээ анх тавьж байгаа юм шиг
хүч хөдөлмөр, цаг заруулах боломжгүй л дээ.
Кармен бол миний тэс эсрэг халуун цустай, цогтой, дөлгөөн
зогсоод байдаггүй, харайж дүүлсэн, гүйж хашгирсан, хөдөлгөөн нь минийхээс 2-3
дахин хурдан эмэгтэйн дүр. Энэ дүрд дуулах гэж нэлээн хөдөлмөрлөсөн. Гавьяат
жүжигчин А.Навчаагаар испани бүжгийн хөдөлгөөнүүд заалгаж, ганцаар маш их
давтдаг байлаа. Барилт, поз, хурдан алхахаас өгсүүлээд дуурийн эхний хабанера
хэсгийг бүр ч их бэлдсэн. Дараа нь Новосибирскийн театрт Карменыг дуулсан.
Дуурийг нэг тоглолтоос нөгөөд чамбайруулж гоё болгож болдог давуу талтай.
Дуулах тусам туршлагажиж, чанаржуулж болдог.
Карменыг дуулахаар тайзан дээр гарахын өмнө зүрх их түгшиж,
өөртөө “Хурдан, илүү хурдан, жавхаатай байгаарай” гэж хэлдэг байлаа. Кармен
сандал руу үсрээд ширээн дээр гарч бүжиглэдэг хэсэг бий. Энэ хөдөлгөөнийг нүд
ирмэх зуурт л хийх ёстой гэж боддог байлаа. Найруулагч анхандаа “Удаан байна,
сандал дээр гарч байгаа чинь харагдаад байна” гэдэг сэн. Би ч давтсаар байгаад
гялс үсрээд л гардаг болсон доо. Дуурь үзсэн зарим хүн “Нэг мэдэхэд чи ширээн
дээр байсан, хэдийдээ гарчихав аа” гэдэг байсан. Тэгэхээр их л хичээж сурсан
байгаа юм. Жүжигчин хүн найруулагчийн тавилаас гадна олон зүйлийг бодож олох
хэрэгтэй. Дуурийн дууны нот, үг хэллэг бүхэн адил ч хувь хүн яаж ажилласнаас
шалтгаалж, дуучин бүрээс өөр зан чанартай, ялгаатай дүр гардаг. Хэн дүрээ яаж
гаргах нь өөр өөр харагддаг, сонирхолтой л доо.
-Монголд тавьж буй дэлхийн сонгодог дууриудын ихэнхэд та
тоглосон болов уу. Аль дүрдээ хамгийн их хайртай вэ, яагаад?
-Бүх дүрдээ хайртай. Мэдээж, Кармендаа, дуулахад олон
техник, маш их хөдөлмөр шаарддаг “Севилийн үсчин” дуурийн Розинагийн дүрдээ
хайртай. Монголоос гэвэл Д.Нацагдоржийн “Үүлэн заяа” дуурийн Цурхай гээд хорчин
хүүхний дүр, “Чингис хаан” дуурийн Өүлүн ээж дүрдээ ч хайртай. Ганцхан удаа
дуулсан, маш хайртай нэг дүр бий. Гавьяаны амралтдаа гарахын өмнө “Аида”
дуурийн Амнерист дуулахыг хүсэж мөрөөдсөн. Нас ахисан гэж бодсон уу, залуусаа
дэмжье гэсэн үү, энэ дуурьт эхлээд намайг хуваарилаагүй. Би удирдаач, найруулагчдаа
Амнерист дуулмаар байна гэж саналаа хэлсэн. Үнэхээр хүний яс чанар, чансааг
гаргах мундаг дүр л дээ.
Хэдий би 50 гарсан ч меццо-сопраногийн хамгийн том дүрүүдийн
нэг Амнерист дуулснаараа үнэхээр бахархдаг. Тухайн үед аль хэдийн багшлаад
эхэлсэн байсан учир хоёр газар ажиллахад төвөгтэй санагдсан. Дээр нь үеийн
жүжигчид, хамтарч дуулж байсан дуучид бүгд тэтгэвэрт гарчихсан. Урлагт “өгөлт,
авалт” гэж гоё зүйл байдаг л даа. Хамтрагчаа үгүйлнэ. Залуустай дуулах сайхан
байлгүй яах вэ. Гэхдээ л зарим талаар голох зүйл ч гарна, бас хэт залуу хүнтэй
хайр сэтгэлийн тухай дуулаад байх нь зохимжгүй гэхчлэн олон шалтгаан давхцаад
“цагаа олж тайзнаас бууна” гэдэг л болсон доо. Багш болж сурсан мэдсэнээ
залуустаа өгье гэж бодсон. Гэхдээ би одоо ч дуулж, шинэ уран бүтээл туурвиж
байгаа. Хоёр жилийн өмнө “Эгшиглэнт 50 жил” тоглолтоо хийсэн. Тавь гаруй жил
дууллаа, цаашид ч дуулна л даа.

-Та Итали, ОХУ, БНСУ, Япон зэрэг орны дэлхийн шилдэг
театруудын тайзнаа дуулсан. Хамгийн мартагдашгүй тоглолт аль нь байсан бэ,
яагаад?
-Дэлхийн олон орны алдартай тайзан дээр монголынхоо соёлыг
түгээж, дуулсан. ОХУ-ын Их театрт “Монголын соёлын өдрүүд”-ээр, АНУ-ын “Карнеги
холл”, Австрийн Хатан хааны өргөө, БНХАУ-ын “Сувдан театр”-т дуулах завшаан
тохиож байсан. Италид олон удаа очиж сайхан театруудад нь тоглосон. Япон Улсад
морин хуурын чуулгатай тасралтгүй 12 жил тоглолтод оролцсон гээд олон сайхан
завшаантай тохиол бий.
-Хамгийн анх тайзан дээр гарч байсан үеэ дурсахад их сонин
байх, тийм үү. Өнөөдрийн “Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Долгор”-ын юу нь тэр үеийн Долгорт
байсан бэ?
-Сургуулиа төгсөж ирээд Дуурийн театр дуучин болсон. Жижиг
дүрээс эхлээд бага багаар явсаар, нэг мэдэхэд гол дүрд дуулдаг болсон. Би 1992
оны 7 дугаар сарын 12-нд бие даасан тоглолтоо анх хийв ээ. Дуурийн театр төвийн
онцгой бүсэд байрладаг учир гэрэл бараг тасардаггүй юм. Гэтэл миний тоглолт
болоход гэрэл унтарчихсан. Анхны тоглолт байсныг хэлэх үү, 30-40 минут
хүлээлгээд санаа зовж, сэтгэл түгшээд хэцүү байж билээ. Гол нь үзэгчид явчихвал
би яана гэж их эмээсэн. Одоогийнх шиг мэдээлэл хурдан, хүртээмжтэй байгаагүй
шүү дээ. Цууямбуу дээр тосон будгаар дуучин А.Долгорын “Бодлын цагаан хун”
тоглолт гэж бичээд, театрын өмнө тавьсан зарыг харж ирсэн үзэгчид шүү дээ.
Цагийн дараа гэрэл ирж, тоглолт эхлэхэд үзэгчид битүү сууж байсан. Маш их алга
ташаад үнэхээр сайхан хүлээн авахад би, “Та нартаа маш их баярлалаа, үргэлж
сайхан уран бүтээл хийж байх болно” гэж өөртөө амласан. Тиймээс дуурьт
дуулахынхаа зэрэгцээ олон ч тоглолт хийсэн. Тэр бүхэнд өөртөө “Би хичээж байгаа
шүү” гэж хэлдэг юм. Сэтгэл зүрхэнд минь гүн шингэсэн дурсамж болохоор үүнийгээ
их ярьдаг л даа. Дараа нь билет тасалдаг үйлчлэгч бүсгүйчүүдээс “Гэрэл тасрахад
миний тоглолтоос хэдэн хүн гарсан бэ” гэж асуухад нэг л хүн гарч явсан гэж
билээ. Тэр үед маш том хүсэл мөрөөдөл, зорилготой А.Долгор байсан бол одоо
хийсэн бүтээсэн юмтай, хүнд хэлэх үгтэй хүн сууж байна. Хүсэл, мөрөөдөлгүй бол
онцгүй шүү дээ. Надад мөрөөдөл бий. Давхардсан тоогоор бие даасан 40-өөд
тоглолт хийлээ. Гол нь нэг хүний дуурь тавина гэж зориод кино дуурь хийж, 6 CD гаргасан. Хийж бүтээх мөрөөдлөө биелүүлээд л явж байгаа.
-Монголын дуурийн дуучдын ур чадвар, сургалтын чанар дэлхийн
түвшинд аль хэдийн хүрэхэд юу хамгийн их нөлөөлсөн бэ. Монголын дуурийн
урлагийнхны онцлог, бусдаас ялгагдах чанар гэж байдаг уу?
-Монголчууд дуучин ард түмэн. Газар нутгийн онцлог байдаг юм
уу, ер нь бүх л зүйл нөлөөлдөг байх. Дуучдаас гадна багш нар сайн юм. Монголын
дуурийн дууны дэг сургалт бий болжээ гэж би боддог. Дуурийн ахмад дуучин
Г.Хайдав багш маань 60 жилийн өмнө анх студи гэж байгуулаад арван хэдэн дуучныг
сургаж эхэлсэн сургалт өргөжиж, СУИС-ийн дуурийн дуулаачийн анги 60 жилийн
хугацаанд 400-500 дуучин төгсгөлөө. Дэлхийн алдартай театруудын тайзнаа дуулж
буй Э.Амартүвшин, Г.Ариунбаатараас гадна олон сайхан залуу гарч ирж байна.
Эндээс багш нарын ур чадвар харагдаж байгаа биз. Багш нарын ихэнх нь ОХУ,
Болгарт төгссөн.
ХХ зууны манлай дуурийн дуучин Ц.Пүрэвдоржийн нэрэмжит олон улсын дуурийн уралдааны Гран при шагналыг Т.Санжаа шавь минь авлаа. Тэмцээний шүүгчээр ирсэн Италиас хоёр багшаас би, “Монголын дэг сургалт байгаа гэж болох уу, манайхан ямар дуулж байна” гэж асуусан. Тэгэхэд “Монгол дуучдын дуулахыг сонсоход итали тавилт уу гэхэд үгүй, орос юм уу гэхээр биш, дууны бүх өнгө нь наашаа, үүдэн шүдний цаана өсгөгч тавьсан мэт дуулдаг юм байна. Тэгэхээр энэ дуурийн танай тавилт монгол сонгодог дуурийн дуулаачийн тавил, сургалт бий болж гэж хэлмээр байна” гэсэн нь надад хангалттай сайхан санагдсан.
Саяхан италичууд Э.Амартүвшин, Г.Ариунбаатар нарын талаар
“Маш гайхалтайгаар үзэгчид рүүгээ дуулдаг, бүх авиа нь наашаа цуурайтдаг” гэж
бичсэн байсан. Манай багш нарын сургалтын дэг ийм байж магадгүй юм.

-Тайзан дээр дуулахад хэцүү үе байдаг уу, эсвэл тийм үе огт
тохиолдож байгаагүй юу?
-Тайзан дээр дуулах үргэлж хэцүү. Тайз руу гарах бүрдээ
эмээдэг. Ямар ч айдасгүй, шууд дуулчихъя гэдэг ойлголт байхгүй, дандаа түгшинэ.
Гэхдээ залуу байхад урт хугацаанд түгшдэг бол одоо арай богиноссон байх.
Насжиж, туршлага суусных байх л даа. Залуу байхад тайз руу гарахаас өмнө
түгшиж, ийш тийш гүйж, ялангуяа Карменыг дуулахад “яана аа” гэж бодогдоод
буцаад гүйчихмээр үе олон байсан. Тэглээ гээд яах вэ, дуулахаас өөр аргагүй. Ер
нь бүтээсэн дүрээ маш сайн давтаж бэлдвэл санаа зовнил бага, муу ажиллавал их
байдаг гэж боддог доо.
-Өвөө тань найр хуриманд хуурдаж, эмээ тань уртын дуу
дуулдаг байсан гэсэн. Дуулах авьяас тань өвөө, эмээгээс удамшжээ дээ. Гэхдээ та
яагаад дуурийн дуучин болсон юм бол?
-Урлагийн авьяас, ялангуяа зураач, сийлбэрч, бүжигчин,
дуучин яах аргагүй удмаа дагадгийг ажигласан. Би дуучин удамтай. Эмээ минь
радио сонсож шинэ дуу сурахаас гадна уртын дууг гайхалтай дуулдаг байсан. 85
насныхаа найран дээр уртын дууг сайхан дуулж байсан. Өвөө минь эрт бурхан
болсон. Эмээ хэлэхдээ, хүүхдийн сэвлэг үргээх, хурим, гэрийн найрт уригдаж
залагдаад өвөө хуурдаж, эмээ дуулдаг байсан гэсэн. Аав, ээж минь ч гоё дуулна.
Миний ээж Төв аймгийн Авдарбаяны клубт “Учиртай гурван толгой” дуурийн Нансалмаад
дуулж байсан. Мэргэжлийн сургууль төгсөөгүй ч хоёр эгч, хоёр дүү минь гоё
дуулна. Би ганцаараа дуучин мэргэжил эзэмшсэн болохоос биш манайхан бүгд л гоё
дуулдаг юм.
-Танай хүүхдүүд, ач, зээ нар бас дуулах уу?
-Хүүхдүүд сайхан дуулна аа. Охин минь маш гоё дуулдаг.
Гэхдээ хүн дуртай мэргэжлээ сонгож, түүндээ дурлах ёстой юм шиг байгаа юм. Би
дуучин болно гэснээс биш дуурийн дуучин болчихно гэж бодоогүй. Хөгжим бүжгийн
сургуулийн дэргэд дуулаачийн ангийг анх нээхэд орсон. Нэгдүгээр курст орос багш
минь намайг сургуульд явуулах гэхэд тийм ч дуртай байгаагүй. Орос багш сайн
төгөлдөр хуурч байсан учир намайг шалгуулахад тэнцээд явсан хэрэг. Сайн
сургуульд сурах боломж олгосон багшдаа үргэлж талархдаг. Монголчууд дуурийг нэг
их ойлгож, ойшоодоггүй үе байлаа шүү дээ. Санаанаас гардаггүй нэг бяцхан
дурсамж ярихад, радиогоор дуурийн дуучин А.Загдсүрэнг дуулахад аав очоод
унтраасан чинь, ээж сэмхэн нударснаа “Охин чинь дуурийн дуучин болох гэж
байгаа, наадахаа асаа” гэхэд аав буцаж очоод радиогоо асааж байж билээ.
-Уг нь та хөдөө аж ахуйн зоо техникч мэргэжилтэй юм билээ, тийм ээ?
-Тийм ээ. Одоо бодохнээ, аав, ээж минь их амгалан улс байж
дээ. Наймдугаар анги төгсөөд есдүгээр ангид орох эсэхээ асуухад, аав “Миний
охин сургуулиа төгсөөд эртхэн хоолондоо хүрэхгүй юу даа” гэж билээ. Ингээд
төгсөх болж, цэцэрлэгийн багшийн сургуулийн хуваарь таарахад аав “Хүний сайхан
үр хүүхэд сургаад гоё мэргэжил шүү” гэлээ. Удалгүй хуваарь минь будлиад хөдөө
аж ахуйн техникум болчихов оо. Би ч дур муутай. Гэтэл аав “Мал дагасан сайхан
мэргэжил шүү дээ” л гэнэ. Дөнгөж 15 настай юугаа ч мэдэхгүй байсан учир
Сэлэнгийн Алтанбулагт зоо техникийн ангид 3 жил сурч төгссөн. Сурч байхдаа
дуулах юм сан гэж мөрөөдөж, урлаг, уран сайханд их явна л даа. Ангийн даргадаа
ч загнуулна, нэг удаа “Чамайг урлагаар хоол олж идэхийг чинь харах юм сан” гэж
билээ. Сүүлд инээгээд надаас уучлал гуйсан шүү дээ. Тэр намраа Гачууртын САА-д
хуваарилагдаад явсан, 14 хоноод амардаг дүрэмтэй. Амралтаар гэртээ ирээд
ээждээ, “Буцаж явмааргүй байна, Соёлын ордонд шалгалт өгмөөр байна” гэж хэлж
шалгуулаад, Төв аймгийн Соёлын ордонд дагалдан жүжигчнээр орж, удалгүй Хөгжим
бүжгийн сургуульд нэг жил сураад гадагшаа явж байлаа. Дагалдан жүжигчин
болчихоод маш их баярлаж билээ. Би одоо Гачууртад амьдардаг. Цаанаасаа л энэ
газарт байх ёстой хүн шиг байгаа юм. Урлагт яах аргагүй дурласан учраас амжилтад
хүрсэн байх гэж бодогддог.

-Хүн бүхэнд урамших, эрч хүч авах зүйл байдаг, та юунаас
хамгийн их урам зориг авдаг вэ?
-Найруулагч, удирдаачаасаа урмын, үзэгчдээс сайхан үг сонсох
гоё. Өвдөөд, ядраад хэцүү байхдаа таны дууг сонсоод сэргэлээ гэх хүн ч бий. Тэр
бүхнээс үнэхээр их урам зориг орж баярладаг. Урлагийн хүмүүст алга ташилт
хамгийн их урам өгдөг. Их удаан алга ташихаар уйлчих гээд байдаг юм шүү дээ.
Өнгөрсөн жил “UB палас”-т болсон “Миний ээж хөөрхөн” тоглолтын тайзан дээр
дуулж эхлээгүй байхад үзэгчид зогсолтгүй алга ташаад л, ташаад л байсан. Би бүр
баярласандаа уйлангаа алдаад, “Бурхан минь ээ, уйлах гээд байна шүү” гэж уулга
алдаж билээ. Эндээс л гайхамшигтай урам авч, улам хичээж, илүү сайн уран бүтээл
хийхийг боддог. Олон жил дуулж, сонсогч түмний халуун алга ташилт, сайхан
сэтгэл, дулаан дотно үгэнд урамшиж, хайрлуулж явна даа.
-Урлагийн хүнийхээ хувьд нийгэмд гүйцэтгэдэг ямар үүргээрээ
та бахархдаг вэ?
-Зөвхөн дуугаа дуулж, мэргэжилдээ сайн байхаас гадна эмэгтэй
хүнийхээ хувьд өөрийгөө зөв авч явж, үлгэрлэхийг хичээдэг. Жишээлбэл, хөдөө
орон нутагт юм чинь үүнийг өмсөөд, түүнийг зүүгээд тайзан дээр гарчихъя гэдэг ч
юм уу. Жижиг концерт, энэ найр юм чинь ингэсхийгээд дуулъя гэж би хэзээ ч
боддоггүй. Аль ч тоглолтыг гоё сайхан байлгахыг хичээдэг. Гоё дуу сонсох гэж
очсон хүмүүсийн өмнө дуучин нь гоё үс гэзэгтэй, сайхан хувцасласан байх ёстой
гэж боддог. Залуу уран бүтээлч, шавь нартаа ч захидаг. Зөвхөн хоолойгоор дуулах
бус хүн байх, хүнтэй харьцах, биеэ хэрхэн авч явах талаар үргэлж хэлж сургадаг.
Түмний өмнө байдаг хүн нэг талаар айхтар хэцүү. Сул, задгай байж болдоггүй.
Энүүхэн дэлгүүрт орох юм чинь гээд замбараагүй хувцаслаад, сэгсийгээд гарах
боломжгүй. Ядаж уруулаа будаж, эвтэйхэн хувцас өмсөөд гардаг. Түмэн олон гоёор
нь хүлээгээд авсан учир муухай, бүтэлгүй явах эрхгүй. Нэг бодлын өөрийнхөөрөө
байхгүй үе байна. Сонгосон мэргэжил минь ийм учир миний үүрэг гэж боддог.
Түүндээ ч дасаад сурчихсан болохоор төвөгтэй санагддаггүй л дээ. Охин минь,
“Ээж ээ, би таныг хараад ядарч байна. Бүх юм эмх цэгцтэй байх албагүй шүү дээ”
гэдэг юм.
-“Бодлын цагаан хун”-г дуулж гарч ирсэн үеийнхээ үзэсгэлэнг
30 жил хадгалж явна гэдэг сайхан юм аа. Гоо сайхан, эрүүл байх амьдралын энгийн
зарчмаасаа хуваалцаж болох уу?
-Урлагийн хүн цэгцтэй л байх ёстой. Ажил мэргэжилдээ бүхнээ
зориулсан атлаа эрүүл мэндийн нарийн ширийн дэг журам байхгүй хүн дээ. Гайгүй
удам заяасан юм болов уу. Аль болох сайн чанарын гоо сайхны бүтээгдэхүүн
хэрэглэхийг боддог. Миний нойр их ойрхон, сайн ч унтана. Эрүүл амьдрахын,
сайхан дуулахын үндэс бол нойр. Сайн унтаж амарч байж хоолой гарна. Унтах цагаа
яс баримтална. Өдөр зав гарвал дугхийчихнэ. Нойр сайн байх нь амьдралд маань
эергээр нөлөөлдөг байх. Нөгөөтээгүүр тайван байхыг эрхэмлэдэг. Юмыг хүндээр
тусгаж авахаас илүү гаргалгааг нь олохыг зорьдог. Аав минь “Амьдрал эрээн
бараан, хар цагаантай, янз бүрийн юм тохиолдоно. Хэцүү зүйл тулгарахад илүү
хэцүүг нь бод. Тэгвэл чамд тохиолдсон зүйл даваад гарах хэмжээний байдаг” гэж
захисныг хэрэгжүүлж, бэрхшээлийг өөрөөсөө холдуулахыг хичээдэг. Сэтгэлийн
гүндээ өөрийгөө зовоохгүй, гаргаж тайтгарахыг илүүд үздэг. Нас явах тусам санаа
зовох зүйл их болдог болтой юм. Амьдралыг туулаад өнгөрсөн болохоор үр хүүхэд,
залуус заримыг нь битгий үзээсэй гэсэндээ үглэх, сургах, санаа зовох маягтай
болдог юм байна даа.
- Дуу дуулах нь нэг бодлын тайвшрал, тайтгарал бясалгал
болдог гэж сонсож байсан юм, үүнийг та юу гэж боддог вэ?
-Тийм шүү дээ. Би биеэрээ мэдэрсэн. Гуч гаруй настай байхад
аав, ээж минь бурхан болсон. Аавыгаа өнгөрөх үед жүжигтэй гээд дэргэд нь байж
чадаагүй. Жилийн дараа ээж минь өөд болсон. Тэр үед би дуулаад л байсан, чанга
дуулаад л байсан. Нэг удаа найруулагч маань “Долгор оо, чи аяархан дуул аа,
болно шүү дээ” гэж билээ. Би улам л чанга дуулдаг байсан. Чанга дуулах тусам
дотор хурсан гуниг, зовлон нимгэрдгийг мэдэрсэн. Дотроос гараад явчихдаг юм
билээ. Тэгэхээр дуулна гэдэг тайвшрал, бясалгал. Хүний биед их эерэг, бас аз
жаргалыг мэдрүүлдэг. Солонгос кинонд гардаг даа, бачуурахаараа тэнгисийн эрэгт
очоод учиргүй орилдог шүү дээ. Сэтгэл дотор хуримтлагдсан юмсаа гаргах хэрэгцээ
байгаа хэрэг шүү дээ.
Хүмүүс хэлдэг дээ, “Найр наадамд очоод жаахан дуулчихсан
чинь сайхан байлаа, сэтгэл гоё болчихлоо” гэж. Дуулж байхдаа зөвхөн үг, аялгууг
нь л бодно. Тэгэхээр дуулна гэдэг уйтгар гунигийг умартуулж, тархийг амрааж,
сэтгэл доторх хэцүү зүйлийг гаргачихаж байгаа юм.
Залуу байхад тайзнаас үзэгчдийг онож хардаг байлаа, одоо бол
хардаггүй. Олон үзэгч дунд янз бүрийн л хүн ирнэ дээ. Нээх гоё, чин сэтгэлээсээ
уясаж шимтээд, дуундаа орчихсон сонсож байгаа хүн тодроод л харагддаг. Бохь
зажлахаас эхлээд ярих гэж ирсэн мэт, зарим нь бүр над руу хуруугаараа заагаад
ярих нь ч бий. Ийм тохиолдолд харцаа түүн рүү тусгаад, зөөлөн инээмсэглээд өөрт
нь зориулж дуулахаар ярьж байснаа болиод, сайхан тайвшраад гэдрэгээ суух
жишээний. Тэгэхээр дуу бас ховсдох увдистай шүү. Дууны хүч агуу их ээ.
-Түрүүн та “Аида” дуурьт дуулахыг үнэхээр хүссэн гэсэн дээ.
Одоо ямар уран бүтээлд дуулахыг хүсэж байгаа вэ?
-Одоо болсоон. Гэхдээ ганц хоёр сайхан дуу байгаа ч зав
болохгүй юм. Дуунуудаараа CD, эсвэл цомог гаргах уу гэсэн бодол байна. Дуурийн
дуучдаас хамгийн анх CD гаргаж байлаа. Миний хамгийн том мөрөөдөл одоогоор
сайхан шавь нараа хөтлөөд, тайзан дээр ард түмний өмнө гаргах юм уу даа.
Дуурийн театрын дуучин Г.Энхнаран шавьтайгаа “Бодлын цагаан хун”-г, дуучин
Л.Нарангэрэлтэйгээ “Магнаг цэнхэр дэлхий” дууг хамт дуулахад ард түмэн үнэхээр
сайхан хүлээж авсан. Би зөндөө сайхан дуулсаан. Одоо би гэхээс илүү шавь
нарыгаа түлхүү дуулуулж, гоё дуучин болгож, замыг нь гэрэлтүүлж, бүр болохгүй
бол цугтаа дуулж олонд таниулах хүсэл их байна даа.

-Яруу найрагч, зохиолч Д.Маам гуай “Магнаг цэнхэр дэлхий”
хэмээх гайхамшигтай гоё дууг танд зориулж зохиосон тухай түүхийг хуваалцах уу?
-Олон түмний сэтгэлд хүрсэн энэ дуу үнэхээр гайхалтай, үг нь
биширмээр гоё. Манайх Д.Маам гуайнхтай хөрш байлаа. Эрдэмтэй, яриад суухад ном
уншиж байгаа юм шиг гоё хүн байсан даа. Бие нь тааруу, эмнэлэгт хэвтэж байхдаа
радиогоор миний дуунуудыг их сонссон шиг байгаа юм. “Магнаг цэнхэр дэлхий”
шүлгээ биччихээд “Чи ер нь радиогор их дуулдаг юм байна шүү. Би чамд нэг дууны
үг өгнө өө” гээд утсаар уншиж өгч байсан. Хэнээр ая хийлгэвэл зүгээр вэ гэхэд
нь би “Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Х.Билэгжаргал, Урлагийн гавьяат
зүтгэлтэн Б.Шарав, Н.Жанцанноров”-ыг санал болгосон. Яруу найрагч маань шүлгээ
Н.Жанцанноровт өгсөн. Хөгжмийн зохиолч маань ая хийгээд өөрөө дуулж кассет дээр
бичсэнийгээ сонсгосон юм билээ. Бие нь муудаад гэрээсээ эмнэлэг явахаар
гарахдаа, эхнэртээ “Та нар байж бай л даа, үүнийг нэг сонсчихъё. Долгорт
зориулсан юм, мөн ч гоё дуулна даа” гэсэн гэдэг. Харамсалтай нь миний дуулахыг
сонсож чадаагүй л дээ. Энэ дууг сүүлд шавьтайгаа шинээр дуулсныг ард түмэн
сайхан хүлээж авсан. Сайн уран бүтээл гэдэг дахин дуулах тусам шинээр төрөөд л
байдаг юм шүү дээ.
-“Магнаг цэнхэр дэлхий”, “Бодлын цагаан хун” шиг зөвхөн танд
л зориулсан юм гээд сайхан дууны санал тавибал та дуулах уу?
-Өө, одоо бол энэ миний сайхан шавь байна гээд л санал
болгоно доо. Үгүй ээ гээд байхад ийм нэг дууг танаар л дуулуулах гэсэн юм гэх
нь бий. Ганц нэг дуу байгаа ч азнаад, бодоод л явна. Дуугаа сонгохдоо үг, аяыг
нь их хардаг. Үгийг нь цээжилж дуулахад маш амар, дорхноо дуулагддаг дуу
байдаг. Уншихад сайхан үгтэй атлаа цээжлэгддэггүй дуу ч бий. Дууг маш сайхан,
бүр санасан чинээндээ хүрч дуулах хэрэгтэй. Заримдаа ч өөрийгөө голох л юм даа.
Ulaanbaatar