Эрчим хүчний яамны удирдлагуудад Дулааны хангамжийн тухай хуулийн төслийг танилцуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. УИХ-ын даргын 2024 оны 80 дугаар захирамжаар байгуулсан Эрчим хүчний тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай, Эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг шинэчлэн боловсруулах үүрэг бүхий УИХ-ын ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн М.Энхцэцэг ажлын хэсгийн гүйцэтгэх багийн зөвлөхүүдийн хамт Эрчим хүчний яамны удирдах бүрэлдэхүүнтэй уулзаж, Дулааны хангамжийн тухай хуулийн төслийг танилцууллаа.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн системийн өнөөгийн нөхцөл байдалд үнэлгээ дүгнэлт өгч, гадаад улсуудын эрх зүйн орчныг нарийвчлан судалж ажилласан тус ажлын хэсэгт баяр хүргээд, эдийн засгийн холбогдох тооцооллуудыг сайтар хийж, хүндрэл бэрхшээлтэй асуудлуудыг нарийвчлан судлах шаардлагатайг зөвлөсөн юм. Мөн тэрбээр олон улсын жишигт эрчим хүчний салбарын хууль, тогтоомжийг шинээр батлах, шинэчлэн найруулах гэхээсээ илүүтэй нэмэлт, өөрчлөлт оруулах байдлаар сайжруулж явдгийг дурдан, цахилгааны болон дулааны тухай хуулиудыг хамтад нь боловсруулж өргөн мэдүүлэх, Монгол Улсын эрчим хүчний өнөөгийн нөхцөл байдал, онцлогт тохируулж боловсруулах талаар саналаа хэлж, төсөлтэй танилцаж, Эрчим хүчний яамны саналыг боловсруулж танилцуулахыг тус яамны газрын дарга нарт үүрэг болголоо. Мөн ажлын хэсэгтэй нягт хамран ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгав.
Хуулийн төсөлд салбарын бодлого, төлөвлөлт, төр, захиргааны байгууллагын бүрэн эрх, дулаан хангамжийн байгууллагууд, дулааны эрчим хүчний систем, зохион байгуулалт, сүлжээний үйл ажиллагаа, мэдээлэл, тоолуур, үнэ тариф, хөрөнгө оруулалт, сэргээгдэх эрчим хүч, үр ашиг, хэрэглэгчийн эрх, үүрэг, техник, технологи, аюулгүй байдал, тэдгээрийн хяналт, маргаан шийдвэрлэх зэрэг зохицуулалтыг 15 бүлгээр тодорхой тусгасан байна.