БАЯНХОНГОР: Манжийн үеийн өртөө харуулын зураг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-05-02 08:01:32
Баянхонгор, 2024 оны тавдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Түүх, угсаатны зүйн музейд Манжийн үеийн өртөө харуулын зураг хадгалагдаж байна. Энэ зураг нь 103 өртөө 170 дамжлага багтсан Монголын ард түмнээс Манжийн төрд алба хааж байсан алба гавчуурын палан зураг юм.

18-19 дүгээр зууны үед холбогдох тус зураг муутуу цаасан дээр хар өнгийн бэхээр уйгаржин монгол бичгээр тэмдэглэсэн онцлогтой.

Манжийн үеийн өртөө харуулын эх зургийг тус музейн захирал байсан Л.Юндэнбат хайгуулаар 1962 онд олж, Баянговь сумын малчин н.Лхамжаваас тухайн үедээ анх 350 төгрөгөөр үнэлэн авч байжээ. Эх хувь нь музейн сан хөмрөгт байдаг бол хуулбар зургийг 1975 онд хийж үзмэрт тавьсан байна.

Цэрэг харуулын алба бол Манжийн төрөөс эрхшээлт орны ард олонд тулган хүлээлгэсэн хүнд дарамт. Мөн хилийн харуулын зэрэгцээгээр дотор харуул, гэр харуул гэсэн гурван давхар бүслэлт бий болгосон нь цэргийн харуулын албанд татагдах эр өрхийн тоог бараг хоёр дахин нэмэгдүүлсэн баримт бий.

Манжийн төрийн нэгээхэн алба бол өртөөний алба байв. Хар нүдэнгээс Улиастай хүрсэн Халхын 20 өртөөнөөс Улаанбум Шаргалжуутын гол хүртэлх 13 өртөө нь өвөр долоон хошууны нутгаар замнадаг байж. Халхын 20 өртөөний 142 дамжлага ганцхан өдөр 1736 элч албаны хүмүүс нэвтрүүлж байлаа. Мөн Нийслэл хүрээ Хиагтын чиглэл, аймгийн жасаа зэрэг 60 шахам өртөөнд нэг ээлжинд янз бүрийн албан тушаалтан 278 хүн, олон зуун айл өрх агт морьд, хүнсний хонь, гэр майхан бусад хэрэглэл дайчлагдаж байв. Үүнээс гадна хошуу хороодын арав гаруй өртөөнд нэг ээлжинд 97 өрх, алба гаргах 352 эр дайчлагдаж байсан гэх түүх байдаг. Эл түүхийн гэрч болсон дахин давтагдашгүй хосгүй үнэт үзмэр аймгийн Музейд ийнхүү өнөөг хүртэл хадгалагдаж байна.
関連ニュース