Нийслэлийн онцгой комисс хуралдлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-02-07 13:26:32

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хөрсний ус гарч, халиа тошин үүсэн, айл өрх, хашаа байшин, гудамж, авто замд мөс тогтож, халтиргаа гулгаа үүсээд байна. Өнгөрсөн онд сүүлийн 30 жилийн дунджаас их хэмжээний хур тунадас орсон. Мөн огцом хүйтэрч, эсвэл дулаарах зэргээр цаг агаарын хэм хэлбэлзэж байгаа нь халиа тошин үүсэх, цаашлаад шар усны үер болох эрсдэлийг бий болгож байгааг албаныхан онцоллоо.


Нийслэлийн онцгой комисс халиа тошингийн асуудлаар хуралджээ. Энэ үеэр Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн ерөнхий инженер Б.Жаргалан "Өнгөрсөн долоо, наймдугаар сард олон жилийн дунджаас их хэмжээний бороо орсон. Олон жилийн дундаж гэдэг бол сүүлийн 30 жилийн харьцуулсан үзүүлэлт. Өнгөрсөн зуны бороо болон энэ өвлийн цас орох ёстой хэмжээнээс 100-120 хувиар илүү байгаа гэх мэдээлэл бий. Мөн огцом хүйтэрч, эсвэл дулаарах зэргээр цаг агаарын хэм хэлбэлзэж байсан. Арванхоёрдугаар сард хэт хүйтрэл олон хоног үргэлжилсэн. Энэ өвөл Улаанбаатар хотод -42 хэм хүрч хүйтэрсэн. Хоёрдугаар сард нийслэл орчмоор олон жилийн дунджаас хүйтэн, цас их орох төлөвтэй байна” гэв.


Тэгвэл Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Л.Ариунтуяа, “Улаанбаатар хотын хэмжээнд үерийн хамгаалалтын 161 км далан, авто замын борооны ус зайлуулах 209 км шугам сүлжээ бий. Мөн 45 мониторингийн цооног, нэг насост станц, 12 насост худаг байдаг бөгөөд эдгээр нь хөрсний усны түвшнийг хэмждэг. Өнгөрсөн онд орсон борооны улмаас хөрсний ус 2-3 дахин нэмэгдсэн. Үерийн хамгаалалтын барилга байгууламжийн ашиглалт хэтэрсэн. 2020-2023 онд 19 байршилд тогтмол халиа тошин гарч байна. Манайх 35 техник, тоног төхөөрөмжтэйгөөс 70 хувь нь эвдрэлтэй. 50 хүн ажилладаг бөгөөд хүн хүч, машин техник маш дутагдалтай байгаа. Цаашид шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх хэрэгтэй” хэмээн ярилаа.


Харин НОК-ын дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Шар усны үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүн хүч, техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангах шаардлагатай байна. Цаашлаад өнгөрсөн зуных шиг үер болохыг үгүйсгэх аргагүй юм. Иймд үерийн эрсдэлийг бууруулах, Сэлбэ голын лаг хагшаасыг цэвэрлэх, хэрэгцээтэй газруудад бетонон далан хийх хэрэгтэй” гэдгийг онцоллоо. 



関連ニュース