С.Чулуун: Монгол адуу дипломат бодлогын нэг том илэрхийлэмж болж ирсэн

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-07-12 20:15:56

-Дэлхийн адууны өдөрт-


Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Дэлхийн адууны өдрийг тэмдэглэхийн ач холбогдол, монгол адууны түүхэнд гүйцэтгэсэн үүргийн тухай “Чингис хаан” үндэсний музейн захирал, академич С.Чулуун ийнхүү өгүүлж байна.


-Монголчуудын төдийгүй дэлхийн түүхэнд адуу ямар үүрэг гүйцэтгэсэн байдаг вэ?


-Монголын нүүдэлчид морийг хамгийн их эрхэмлэж ирсэн. Монголын эзэнт гүрний гайхамшигт амжилтын үндсэн нэг шалтгаан бол морь юм. Нүүдэлчдийг морьгүйгээр төсөөлшгүй. Яагаад гэвэл, тухайн үедээ дэлхий ертөнцөд хамгийн хурдан зам туулах хэрэгсэл байв. Өөрөөр хэлбэл, монголын нүүдэлчид, монголын арми хоёр зүйлийг эзэмшиж байсан юм. Тэдгээр нь хамгийн хол тусгалтай, тухайн үеийнхээ өндөр технологийг шингээсэн зэвсэг, хамгийн хурдан унаа юм.


Монголчууд 2000 жилийн түүхэндээ хүн төрөлхтний түүхэнд морины хүчээр нүүдэлчдийн иргэншлийг бие даасан иргэншил болгон тогтоож, сонгодог хэлбэрийг нь авч үлдсэн ард түмэн. Хүннүгийн үед хэрэглэж байсан адууны тоног хэрэгсэл, адуутай холбоотой зан үйл өнөөдрийг болтол хувираагүй ирсэн байна. Энэ бол монголчуудын хамгийн том нэрийн хуудас.


Адуу монголчуудын, нүүдэлчдийн хувьд стратегийн гол зүйл нь байв. Монголын эзэнт гүрний үед өнөөдөр ч техник хэрэгсэл туулахад хэцүү 3000-5000 км замыг туулж чадсан зүйл бол морь юм.


1990 оноос өнөөдрийг хүртэл Монголд айлчилж байгаа төрийн айлчлалд морь бэлэглэж байгаа. Энэ нь санамсаргүй зүйл биш. Монголчууд хамгийн хүндтэй зочиндоо хүлэг морио бэлэглэж, найрсаг сайхан харилцаатай гэдгээ илэрхийлдэг. Ерөнхий сайд Т.Намнансүрэн 1913 онд Орос улсад айлчилж Петербургээс Крымд очсон. Хоёрдугаар Николай хаанд найман цагаан адууг эндээс ачиж аваачиж бэлэглэж байсан. Монгол адуу бол дипломат бодлогын нэг том илэрхийлэмж болсоор ирсэн. Тиймээс зөвхөн хэрэглээ талаасаа төдийгүй адуу бол дэлхийд энх тайвныг тогтооход, монголын тусгаар тогтнолыг хамгаалахад үлэмж үүрэг гүйцэтгэжээ.


-Дэлхийн адууны өдрийг энэ жил анх удаа тэмдэглэлээ. Энэ өдрийн ач холбогдлыг та юу гэж үзэж байна вэ?


-Энэ өдөр адуутай улс болгон адуугаараа бахархаж байгаа. Жэжүгийнхэн жижиг мориороо, Туркмен алдарт хүлгээрээ, Араб үүлдрийн адуу, оросууд томск үүлдрийн адуугаараа бахархаж байна. Монголд ч гэсэн адууны өв соёлоороо бахархах, монгол адуугаа илүү таних боломжийг олгож байна.


Нар ургахаас нар шингэх уудам нутагт Евроазийн хол орон зайг туулсан адуу дэлхийд Монголынхоос өөр байхгүй. Өөр ямар ч сайн үүлдрийн адуу бус, зөвхөн монголын хүлэг морь их элсэн цөлийг, Евроазийн их уудам талыг туулж чадсан. Кавказын нурууг давж, тэнгэр уулыг арлаж чадсан. Цагаан хэрмийг тулж, нэвтэрч чадсан. Дорнод, Солонгосын хойг хүрсэн. Ийм том орон зайд явж түүхэнд үүрэг гүйцэтгэсэн адуу дэлхийд цор ганц монгол адуу. Үүнийг яг тэр үүлдрээр нь өнөөг хүртэл өсгөж ирсэн өвөг дээдэстээ баярлах хэрэгтэй.


Монголчуудаас өөр адуугаа молор эрдэнэ гэж хэлдэг ард түмэн байхгүй. Дэлхийн адууны өдөр бол хүн төрөлхтөн адууг дурсах, монголчууд монгол адуугаа танин мэдэх ач холбогдлыг нь улам мэдрүүлэх өдөр юм.


-Археологийн олдвороос морьтой холбоотой ямар онцлох зүйлс олдож байна вэ?


-Археологийн олдворын гол цөм нь адуу, адууны тоног хэрэгсэл байдаг. Сүүлийн үед Ховд аймгийн Мянгад сумын нутгаас, Төв Азийн түүхэн дэх хамгийн эртний сонгодог эмээл олдсон. Энэ нь Жужан улсын үе буюу одоогоос 1700 орчим жилийн өмнөх адууны хэрэгсэл юм. Киданы үеийн бүрэн хэрэгсэлтэй эмээл хадан дотроос яг тэр хэвээрээ Ховд аймгийн нутгаас олдсон. Мөн Монголын эзэнт гүрний сонгодог эмээлүүд олдож байна. Өнгөрсөн жил Сүхбаатар аймгийн нутгаас Юань улсын үеийн язгууртан эмэгтэйн галт шувуун дүрслэлтэй, цул мөнгөн эмээл олдсон. Одоо манай музейд адууны шүдээр хийсэн эмээл, алтан эмээл байна. Монголын хаад язгууртан, баатрууд өөрөөсөө илүү морио чимэглэж, хүндэтгэлтэй ханддаг байжээ.




関連ニュース