Геодезийн инженерүүд Мөнххайрхан уулын солибцол, өндрийг хэмжиж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас санаачлан Монголын уулчдын үндэсний холбоо ТББ, Монголын геодези, фотограмметр, зураг зүйн холбоо ТББ-тай хамтран Баян-Өлгий, Ховд аймгийн заагт орших Мөнххайран уул, Хар Ан уулын солбицол, өндрийг орчин үеийн, өндөр нарийвчлалын геодези /GNSS/-ийн багаж ашиглан хэмжиж байна.
Мөнххайран уул, Хар Ан уулын солбицол, өндрийг Trimble R12,
Trimble Catalyst багаж ашиглан уулсын оройн цэгийн солбицол, өндрийг ITRF2014,
ITRF2020 солбицлын тогтолцоо, Балтийн тэнгисийн өндрийн тогтолцоонд тодорхойлох
юм.
Монгол Улсын Зөвлөх инженер О.Хосбаяр /Геосурвей ХХК-ийн
захирал/, инженер О.Пүрэвдорж /Этүгэн инженеринг ХХК-ийн захирал/, уулчин,
хөтөч Э.Уранболор /Геосан ХХК-ийн инженер/ нар эдгээр мөс, цастай өндөр уулс
дээр эр зориг гарган авирч, мэргэжлийн ур чадвараа ашиглан геодезийн хэмжилтийг
амжилттай гүйцэтгэж байгааг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн
ерөнхий газар мэдээлжээ.
Мөнххайрхан уул нь Баян-Өлгий аймгийн Булган сум, Ховд аймгийн Мөнххайрхан сумын хил залгаа нутгийг дамнан, 40-80 км өргөнтэй, баруун хойноос урагш 200 км гаруй үргэлжлэн оршдог уул юм. Мөнххайрхан уулын ноён оргил нь 4362 метр өндөр, мөнх цас мөсөн гол бүхий Монголын хоёр дахь өндөр оргил болно. Мөнх цас, мөсөн гол нь 200-гаад ам километр талбайг эзлэн оршдог.
Монгол Алтайн нурууны мөсөн голуудын дундаж зузаан нь 56
метр байдаг бол Мөнххайрхан уулынх 130 метр гаруй зузаан учир манай орны гол
мөрний нийлбэр урсацаас бараг 2, газар доорх хөдөлгөөнт усны нөөцөөс 5 дахин их
цэвэр усны нөөц хадгалдаг гэж судлаачид тогтоожээ. Булган, Сэнхэр, Үенч, Бодонч
зэрэг томоохон голууд Мөнххайрхан нуруунаас эх аван урсдаг.
Мөнххайрхан уулын газар нутагт аргаль угалз, янгир, буга, ирвэс, Алтайн хойлог, ятуу, чоно, мануул, үен суусар, голын халиу, минж зэрэг ан амьтан нутаглахаас гадна хоёр нутагтан мөлхөгчдийн олон төрөл зүйл нэг дор оршдог 4 том тархац нутгийн нэг юм. Монгол Улсын “Улаан ном”-д орсон Тойрмын хонин гүрвэл ганцхан Мөнххайрхан уулын дэд мужид бий. Мөн ховорт тооцогддог ногоон бах, үхэрдэй, жунгаарын загас зөвхөн Булган голд байдаг аж.