П.Байгалмаа: Буган чулуунд зөв хөдөлгөөн, зөв галбир, зөв хийсвэрлэлийг тултал дүрсэлсэн байдаг

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khandmaa@montsame.gov.mn
2023-10-31 16:35:42

Улаанбаатар 2023 оны аравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Дэлхийн өвөөр бүртгэхэд тухайн соёлын өв дэлхий нийтийн хосгүй гайхамшигт үнэ цэнтэй байх шалгуур тавигддаг. Тэгэхээр өнгөрсөн сард дэлхийн өвөөр ЮНЕСКО-д нэн бахархалтайгаар бүртгэгдсэн буган чулуун хөшөөний тэр өвөрмөц уран дүрслэл, оньсого мэт сонин зохиомж, илэрхийлэмжийн тухай ярилцахаар Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн захирал, урлаг судлалын ухааны доктор, зураач П.Байгалмаагийн урланг зорьж очсон юм.  


-Буган дүрслэлээр 20 гаруй жил зуржээ. Яагаад энэ сэдвийг чухалчлах болов?

-Би дүрслэх урлагийн дунд сургуулийг зураач мэргэжлээр дүүргэсэн. Аав маань түүх, өв соёлын тухай баялаг ном, гэрэл зургийн цуглуулгатай хүн байв. Би хадан зургийн тухай монгол судлаачдын номуудыг нь багаасаа үзсэн болохоор  дүрслэлүүд нь хүүхэд байхаас минь сэтгэлд хоногшсон. Тэгээд 1999 онд МУИС-д сурч байхдаа, Дундговь аймгийн Өлзийт сумын Дэл ууланд оюутны дадлагаар очиж хадны зургийг байгаль дээрээс нь анх удаа нүдээр үзэж, гараараа тэмтэрч байлаа. Яг энэ газарт тэр үеийн хүн зогсоод, хадан дээр сийлж байж гэж бодоход үнэхээр сэтгэл хөдөлж байсан шүү. Түүнээс хойш хадны зураг руу ёстой эргэлт буцалтгүйгээр шунаж орсон. Харин 2000 оноос жинхэнэ утгаар судалж эхэлсэн гэж болно.


-Та “Монголын өндөрлөгийн хүрэл зэвсгийн үед холбогдох буган дүрслэлийн судалгаа” гэсэн сэдвээр докторын зэргийг хамгаалсан юм билээ...?.

-Тийм ээ, олон жил сонирхон дурлаж, зурж ирсэн сэдвээрээ 2012 онд докторын зэрэг хамгаалсан. Нэг ёсондоо 23 жил бугынхаа дүрслэлийг зурж байна. Өнгөрсөн сард “Буган чулуун хөшөө, хүрлийн үеийн холбогдох дурсгалууд” өвийн газрыг ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн жагсаалтад бүртгэснийг сонсоод, өөрийн хэмжээнд хувь нэмрээ оруулсан ч юм шиг санагдаж их баярлаж байлаа.


-Ер нь, буган чулуу он цагийг туулж, хүний сэтгэлийг хөдөлгөөд байдгийн нууцыг та юу гэж үздэг вэ?

-Наадах чинь их сонирхолтой л доо. Манай өвөг дээдсийн аль үе нь ямар үедээ тэдгээрийг оргил хэмжээнд нь хүртэл бүтээж байсныг эрдэмтэд олон талаас нь судалсаар байна.

Буган чулуу бол дөрвөн талтай байдаг шүү дээ. Дүрслэлийг нь дэлгэж харахад, зохиомж нь дөрвөн тусдаа биш, чулуугаа бүтэн ороосон нэг шийдэлтэй байгаа юм. Тухайн үеийн урлаачдын нэг мундаг зүйл тэндээс харагддаг. Чулуун дээр бугаа дүрслэхдээ зай талбайг маш гайхалтай ашиглажээ. Тухайлбал, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Жаргалантын амны нэг буган чулуун дээр 69 бугыг маш уран сийлсэн байдаг. Зохиомж, дүрслэл нь ёстой гайхамшигтай. Одоогийнхоор эвлүүлдэг пазал тоглоом шиг бугануудыг нөхөөд нөхөөд оруулсан мэт байдаг. 


-Юмс үзэгдлийн мөнхийн хөдөлгөөнийг зурж дүрслэх нь урлаач хүний хамгийн чухал эрдэм гэдэг. Буган чулуун дээрх бугануудыг эрч хүчтэй харагдуулаад байдаг тэр нэг амин сүнс нь юу вэ. Урлаг судлалын үүднээс хэрхэн тайлбарлаж болох вэ?

 -Хэзээ ч бугын хошуу шувууных шиг урт байдаггүй шүү дээ. Тэгэхээр чөлөөт сэтгэхүйгээр, өөрсдийн сэтгэлгээгээр урлажээ. Тэр урт хошуу нь дээш тэнгэр рүү хурдтай тэмүүлж гарахад агаарыг зүсэх, шувуу шиг нисэх мэт сэтгэгдлийг төрүүлдэг. Дүүлж буй хөдөлгөөнд нь тааруулан урт гоолиг биетэй, хондлой, гуяыг нь дугуйруулж дүрсэлсэн байдаг л даа.


Мөн хөвөрч угалзарсан олон салаа эврийг нуруу руу нь налуулсан нь зохиомжийн маш зөв шийдэл болсон байдаг. Ерөөс чулуун дээрх дүрслэлүүд хамгийн оновчтой шийдэлтэй, зөв байрлалтай байдаг гэж хэлж болно. Одоогийнхоор “4 D” гэдэг шиг бүх талдаа зохиомжийн шийдэл нь алдагддаггүй. Тэр үед чулуун дээр яаж тэгж буулгаж байв гэдэг их сонин шүү.


Одоо бол эхлээд цаасан дээр гаргаад, дараа нь чулуун дээрээ буулгаад, тэгээд хонхойлгон цохиж гаргах байх л даа.

 

-Бугын хошууг шувууных шиг дүрслээд зогсохгүй, дүүлэн нисэх мэт хөдөлгөөнд нь зохируулж биеийн галбирыг нь ч маш нарийн тооцож дүрсэлсэн гэхээр үнэхээр гайхамшигтай юм аа. Тэгвэл яагаад бугыг тэр олон амьтнаас сонгон хад чулуунаа хэдэн мянгаар нь сийлсэн байж болох вэ?

-Эртнээс хүмүүс бугыг тэнгэрийн амьтан гэж дээдэлдэг байжээ. Одоо ч монголчуудын дунд бугыг дээдлэх, шүтэх үзэл хадгалагдсаар байна. Буга агналаа гэхэд эврийг нь газар хүргэдэггүй, цагаан даавуун дээр тавьдаг. Мөн үлгэр, домогт ч буга сөрөг талын дүр болдоггүй шүү дээ.


Бас бөөгийн хэнгэрэг дээр бугыг дүрсэлдэг. Эртний шүтлэгийн ухамсраас буга бол энэ ертөнцөөс нөгөө ертөнцөд хүргэдэг, бөөг дээд ертөнцтэй холбодог, нэг ёсондоо тэнгэр газрыг холбодог ид шидтэй амьтан байдаг юм билээ.


-Буган чулуу ихэвчлэн бөөндүү байрладаг юм байна. Жаргалантын аманд гэхэд 30-аад буган чулуу бий. Эх орондоо байгаа бүх буган чулуун хөшөөг илрүүлсэн гэж үзэж болох уу?

-Монгол орноос 1500 гаруй буган чулуун дурсгалыг судлаачид илрүүлээд байна. Тэгэхээр яалт ч үгүй буган чулуун хөшөөний өлгий нутаг, энэ буган чулуун соёлыг бүтээгч нь төв Азийн элгэн дээр байсан нь тодорхой байна.


Цааш энэ тоо нэмэгдэх нь тодорхой, бүр 100 хувийн баталгаатай. Оросын судлаач В.В.Волков буган чулуун хөшөөдийг дүрслэлээр нь гурав ангилсан байдаг. Шувуу шиг урт хошуутай, нуруу сээр нь шовх, нуруугаа дагасан тансаг сүрлэг эвэртэй буган чулуунуудыг Монгол-Өвөр байгалийн хэлбэр буюу загварчилсан дүрст хөшөө гэдэг. Мөн буга болон бусад амьтныг бодитоор дүрсэлсэн хөшөөнүүд, огт буга дүрслээгүй ч чулууны хэлбэр нь буган чулуун дурсгалтай ижил хэлбэртэй хөшөөнүүд гэж ангилсан байдаг.


-Амьтдыг бодитоор дүрсэлсэн хөшөөнүүдийг бугыг загварчлан дүрсэлсэн хөшөөнөөсөө хожим бүтээсэн байж болох уу?

-Нэгэн цаг үед хийгдсэн болов уу гэж надад бодогддог. Яагаад гэвэл, хаана хаана олдсон байна гэдгээр нь дүрслэлүүдийг нь харахад хэв маяг нь ижил байдаг. Гэхдээ цааш яаж судалгаа өөрчлөгдөж өргөжиж явахыг таашгүй. Гарал үүсэл, язгуур утгын нь талаас ч маш олон эрдэмтэн судалсаар л байна шүү дээ.


-Буган чулуун хөшөөг хүрэл зэвсгийн үед буюу НТӨ 14-8-р зууны үед хамааруулдаг. Хамгийн сүүлийн байдлаар буган чулууг хүн хөшөө гэж үзэх болжээ. Яагаад ингэж үзэх болов?

-Эрдэмтэн судлаачид олон янзаар тайлбарлаж, боломжит хувилбаруудыг дэвшүүлсээр ирсэн. Тухайлбал, буган чулуун хөшөө дундуураа бүслүүртэй байдаг нь өнгөрсөн, ирээдүй, гурван цагийг дүрсэлсэн. Дээд хэсэг нь дээд ертөнц, дунд талын хэсэг нь бидний амьдран буй энэ ертөнц, доод тал нь доод ертөнцийг илэрхийлсэн гэж үзэж байлаа. Эсвэл жанжин баатар хүнд зориулсан  гэх мэтээр маш олон талаас судлаач нар санал дэвшүүлж байв. Ингэж явсаар сүүлдээ энэ маань хүн юм байна гэж үзэх болж байна л даа. Эр хүн бүсэндээ зэр зэвсгээ агсдаг шүү дээ. Тэгэхээр тэр бүслүүр гэж ярьж байсан нь хүний бүс байх талтай. Хөшөөний орой хэсэг дэх цагариг хэлбэртэй дүрсүүдийг нар, сар гэдэг байлаа. Гэтэл тэдгээрийг хүний ээмэг гэж үзэх болж байна. Учир нь, зарим буган чулуун хөшөөний орой хэсэгт хүний толгойг товойлгож дүрсэлсэн байдаг. Бас буган чулуун хөшөөний дүрслэлийг дэлгээд харахаар хоёр талын дугуй нь хүний ээмэг гэж үзэж болохоор байгаа юм.


Тэгэхдээ, яагаад үүнийг бүр хүнээр нь дүрсэлчихээгүй юм бэ? гэдэг асуулт гарна аа даа. Хүн чулуун хөшөөнүүдэд бол яах аргагүй хүнийг тодорхой дүрсэлсэн байдаг шүү дээ. Тиймээс уран бүтээлч хүний хувьд бодоход, тухайн цаг үеийн үзэл баримтлал, тэр үеийн хүмүүсийн ертөнцийг үзэх үзэл уран бүтээлд онцгой нөлөөлдөгтэй холбоотой байж болох юм.


-Одоогоор манай оронд илрүүлээд байгаа буган чулуун хөшөөний хамгийн өндөр нь дөрвөн метр. Ер нь том, жижгээсээ хамаарч ямар нэг зэрэг дэвийн ялгаа байх боломжтой юу?

-Буган чулуун хөшөөнүүдийн өндөр нь 40 см-ээс 4 метр байдаг. Тиймээс тэдгээрийг монументаль арт буюу сүрлэг том гэсэн ангилалд оруулдаг. Ямарваа нэг хүнд зориулж хөшөө дурсгал босголоо гэж бодоход, сүрлэг том байх, сүргээрээ давхиж байгаа бугыг аль болохоор том чулуун дээр дүрсэлбэл тэнгэрт илүү ойртох бэлгэдэлт сэтгэлгээ байхыг үгүйсгэхгүй. Бас чулууныхаа хэмжээнд тааруулж зохиомжилсон ч байж болно. Ямартай ч, тэр үед монументаль арт өндөр хөгжсөн байсан нь гарцаагүй юм.


-Чулууг нь яаж бэлтгэж байсан тухай судалгаа байдаг уу?

-Ямар ч чулуу байхгүй газарт том том чулуугаар хөшөө босгосон байдаг л даа. Тиймээс зориудаар тэнд чулуу бэлдэж аваачсан гэж зарим судлаач үздэг.


-Буган чулуун хөшөөнүүд өнөөдрийг хүртэл босоогоороо ирэхэд, тэдгээрийг анхнаас нь бат бэх суулгах тусгай технологитой байж дээ. Ер нь арчлал хамгаалал нь ямар байдалтай явж ирэв?

-Бид их азтай ийм гайхамшигтай өв манай оронд байна. Бидний өвөг дээдэс үүнийг бүтээжээ. Дэлхийд илэрсэн нийт буган чулуун хөшөөнүүдийн 90 хувь нь Монголд маань байна шүү дээ. Гэтэл Өвөр байгалиас 20 гаруй, Шинжаанаас 60, Казахстан, дундад Азиас 20 орчмыг илрүүлсэн байдаг. Буган чулууд анх босгосон шигээ босоо байдлаараа өнөөг хүрсэн үү гэвэл бас үгүй. Унасан, хазайсан, хугарсан гээд олон бий. Тийм хөшөөнүүдийг доктор Ж.Баярсайхан зэрэг судлаач төсөл хэрэгжүүлж, тэгшилж янзалсан. Одоо ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн жагсаалтад орсон болохоор арчлал, хамгаалал нь илүү сайжирна гэсэн үг юм.


-Буган чулуун дээр дүрслэгдсэн бугаас бусад амьтдын хувьд ямар учир, бэлгэдэлтэй байж болох вэ?

-Буган чулуун дээр бугаас гадна, морь, бодон гахай, ирвэсийг дүрсэлсэн байдаг. Энэ бол дээр өгүүлсэн ангиллын Саян Алтайн хэлбэр буюу буга, амьтдын бодит дүрслэлтэй хөшөө л дөө. Ийм бодит дүрст хөшөө харьцангуй цөөн тоотой байдаг.

Туулай ч юм уу гөрөөс ч биш, ирвэс, бодон гахай, морийг яагаад дүрслэв гэдэг мэдээж сонирхолтой. Магадгүй тэр үеийнхний үзлээр ирвэс, бодон гахай нь ангийн чухал олз байсных байж болох юм. Хадны зураг дотор ч тийм байдаг. Хадан зурагт дүрсэлсэн ан амьтдыг эрдэмтэд, “Анд явахаасаа өмнө олз омогтой байхыг урьдчилж зөгнөсөн зан үйлтэй холбоотой. Эсвэл ийм сайхан ан хийлээ гэсэн тэмдэглэгээ байж болно” гэж тайлбарласан байдаг.


-Буган чулуун хөшөө ихэвчлэн хиргисүүрийн ойролцоо байдаг. Тэгэхээр оршуулга, тахилгын зан үйлтэй яаж холбогдох вэ?

-Буган чулууны эргэн тойронд малтлага хийхэд оршуулгын зан үйлтэй холбоотой юм гардаггүй. Би 2011 онд археологичидтай хамт явсан. Тэр үед дөрвөлжин булш малтахад буган чулуунуудаар доторлосон байсан. Бүр буган чулуугаар шалласан байсан гээд бод доо. Би түрүүнд 1500 гэдэг тоо нэмэгдэнэ гээд байгаа чинь энэ юм.


-Мэдээж буган чулуунуудыг нэг хүн урлаагүй байж таарна. Тэгэхээр урлахуйн ялгамжаа байдаг уу. Хамгийн уран дүрслэлтэй буган чулуу хаагуур байдаг вэ?

-Хамгийн гоё, уран нь мэдээж загварчилсан буган чулуунууд юм. Одоогоор ихэвчлэн баруун тийш голлосон буган чулуун хөшөө дурсгалууд байна. Тэгэхээр, тэр аймгийнх нь загварчилсан буган чулуунуудтай гэсэн ялгаа харагддаггүй. Харин миний үзэж байгаагаар, тухайн үед бугыг дүрслэх бүхэл бүтэн нарийн, тогтсон дэг сургуультай байжээ гэж хэлэхээр байдаг.


-Манай орны төдийгүй, дэлхийн хамгийн олон бугын дүрслэлтэй хөшөө нь 69 бугатай. Түүнд  ямар нэг бэлгэдэл, учир зүй бий юу?

-Үүнээс илүү олон дүрслэлтэй нь одоогоор гараагүй байх. Гэхдээ тооны бэлгэдэл бариагүй болов уу. Чулуундаа тохируулж хийсэн ч байж болно. Учир нь буган чулуунууд том жижиг, өргөн нарийн янз бүрийн хэмжээтэй байдаг. Тэр 69 бугатай хөшөөг би зураг болгож зурсан. Буган чулуун дээрх буганууд нь  дээш тэнгэр рүү тэмүүлсэн байдалтай байдаг шүү дээ. Би түүнийг хэвтээ тийш давхиж байгаагаар ч дүрсэлж үзсэн.


-Ер нь ганц бугыг дүрсэлсэн хөшөө байдаг уу?

-Байхгүй. Одоо манай Дүрслэхийн музейд байгаа нь л гэхэд нүүрний хэсэг дээр гурав байгаа. Тэр хөшөө дээрээсээ тайрагдсан юм шиг байдаг. Дээд хэсэг нь байлаа гэхэд 6-гаас олон буга байсан байж таарна.


Харин буган чулуун хөшөөнд бугын тэнгэр өөд дүүлэн нисэх мэт хөдөлгөөнийг дүрслэхдээ олон бугын хөдөлгөөнөөр шийдсэн, дүрслэлийн тийм нэг онцлог байдаг.



-Докторын зэрэг хамгаалсан судалгаандаа та хадан зураг, буган хөшөөний дүрслэлийг харьцуулсан юм билээ. Хадан зургийн бугын дүрслэл буган чулууныхаас ямар онцлогтой байдаг вэ?

-Хад, чулуун дээрх бугын дүрслэл зурахад ч тэр, судлахад ч маш их өгөгдөлтэй. Бугыг хаанаас нь яаж ч зохиомжилж, хийсвэрлэж зурсан амттай. Хадны зураг дээрх бугын дүрслэлийг харахад, буган чулууны хийсвэрлэсэн зохиомжоосоо арай өөр. Зарим нэг тохиолдолд ижил дүрслэлүүд бас байна. Бугын дүрслэлийг харахад хамгийн түрүүнд эвэр нь хүний нүдэнд тусдаг. Бугын эврийг хадны зурагт маш олон янзаар дүрсэлсэн байдаг.


Би хад, чулуун дээрх бугын дүрслэлийг жаахан өөрчилж дүрслэх гэж үзсэн. Үнэндээ өөрчлөх ямар ч боломжгүй юм байна гэдгийг ойлгосон. Энэ юуг үзүүлж байна гэхээр, хадны зураг, буган чулуун хөшөөнд дүрсийн зөв хөдөлгөөн, зөв галбир, зөв хийсвэрлэлийг тэр үед нь тултал хийж байжээ.


-Урлаг судлаач хүн, зураач хүн л үүнийг хамгийн сайн олж хардаг байх...?

-Хүрлийн үе, төмөр зэвсгийн үе гэхээр харанхуй бүдүүлэг үе гэж бодож байж болох юм. Хэн дуртай нь хад асган дээр зурж, дүрсэлчихнэ гэж байхгүй. Төрмөл авьяастай хүмүүс л энэ зүйлсийг урлаж, сийлбэрлэсэн байж таарна шүү дээ. Тэгэхдээ одооны бидний хийсвэрлэж сэтгэж зурдгаас хэдэн хувь тасарсан тийм шийдлийг тэр үед гаргасан байгаа юм. Түүнтэй адил Хүннүгийн үеийн ширмэл ширдэг, Гол модноос илрүүлсэн эд өлгийн дурсгалууд гайхалтай шүү дээ.



-Манай оронд хадан бичиг, хадан зураг гээд тэр чигээрээ байгалийн музей болсон газар олон байна. Нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн л бүтээх соёлын нэг онцлог байх. Та уран бүтээлдээ буган дүрслэлийг ямар байдлаар оруулдаг вэ. Нэг буган чулууг дууриалгаж зурдаг уу, эсвэл хамгийн сонирхолтой дүрслэлийг нь ашигладаг уу?

-Эрдэм шинжилгээний бүтээлийг мэргэжлийн голдуу хүмүүс үзэж харна. Гэтэл археологи, эд өлгийн гайхамшигтай сайхан зүйлсийг уран бүтээлдээ оруулж зурна гэдэг бол олон нийтэд таниулж ойлгуулахад илүү дөхөм, маш том гүүр болдог. Тэгэхээр миний хувьд, буган чулуун дурсгалуудын тэр гайхамшигт дүрслэлүүдийг өөрийнхөө сэтгэмжээр зохиомжилж байна. Түүнээс биш байгаль дээр байгаа юмыг дууриалгаж зураад хэрэггүй л дээ.


Жишээлбэл, ээж аавдаа зориулсан “Шүтээн” гэдэг зурагтаа ээж, аавынхаа мэргэжлийг төлөөлж хөгжмийн зэмсгийг, зураачийн хэрэглэдэг бийртэй хамтатган зохиомжлоод, хажуугаар нь буган чулууны дүрслэлээ аядуухан шигтгэсэн байх жишээтэй.


-Бугын дүрслэлээр дагнасан бүтээлүүдээрээ үзэсгэлэн гаргасан уу, хүмүүс хэр сонирхож байсан бэ?

-Үндсэндээ бие даасан дөрвөн үзэсгэлэн гаргасан. Бүх үзэсгэлэнд маань бугын дүрслэл ордог. 2008 онд гаргасан үзэсгэлэнгээ цэцгээр гаргасан ч дотор нь буган дүрслэлээ шигтгэсээр л байсан. Харин 2019 оны үзэсгэлэнгээ буган дүрслэлийнхээ судалгаанд үндэслэн “Дээд үүд” гэж нэрлэсэн. Бас энэ нэрийг нийлүүлж уншвал “дээдүүд” буюу дээдэс гэсэн утгатай болно. Үзэсгэлэн маань маш амжилттай болсон. Тэр үзэсгэлэнгийн бүтээлүүдээс зургаахан зураг үлдэж байлаа. 

関連ニュース