Үндэсний бичиг үсгийн баярын өдрийг 20 дахь жилдээ тэмдэглэж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чингис хааны соёрхсон Монгол төрийн бичиг хэрэглэсний 800 жилийн ойг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2004 онд тэмдэглэж эхэлснээс хойш өдгөө Монгол Улс 20 дахь жилдээ буюу Үндэсний бичиг үсгийн баярыг тэмдэглэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 тоот зарлигийг
үндэслэн жил бүрийн тавдугаар сарын эхний ням гарагийг “Үндэсний бичиг үсгийн баяр” болгон тэмдэглэдэг
уламжлалтай. Эл өдрийг угтан Монгол
бичгийн үндэсний 3 дугаар хөтөлбөрийн хэрэгжилтийг тайлагнах “Монгол
бичиг-2025” тусгай үзэсгэлэнг Чингис хаан музейд өнөөдөр нээлээ.
Үзэсгэлэнг нээж БШУ-ы сайд Л.Энх-Амгалан хэлэхдээ, “БШУЯ, Соёлын яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны холбогдох газрын дарга нараар ахлуулсан гурван дэд ажлын баг байгуулагдаж 2025 онд төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөн явуулах бэлтгэл ажлын хүрээнд “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-3”-ийн дөрвөн зорилт, 69 үйл ажиллагааны хяналтыг хангаж ажиллаж энэхүү танхимд хийж хэрэгжүүлсэн ажлаа өнөөдөр бодитоор дэлгэн үзүүлж байна. Бэлтгэл ажлыг хангах хүрээнд 141 мянган төрийн албан хаагчаас монгол бичгийн сорилго авч, 21 аймаг, 330 сум, 4500 орчим төрийн байгууллагын ажилчдын үндэсний бичгийн мэдлэгийг тодорхойллоо. Уг судалгаагаар нийт төрийн албан хаагчдын 53.6 хувь нь үндэсний бичигт шилжихэд бэлэн гэж өөрсдийгөө тодорхойлсон байна. Улсын хэмжээнд монгол хэлний 460 гаруй сургагч багш бэлтгэгдсэн бөгөөд эдгээр сургагч багш батлагдсан хөтөлбөрийн дагуу төрийн байгууллагуудад үндэсний бичгийн хичээл зааж байна. Үндэсний бичгээр цахимд бичих арга зүй гарын авлагыг боловсруулж, хэвлүүлэн сургалтад ашиглаж эхлээд байна. Түүнчлэн Монгол бичгийн чадварлаг багш нартай хамтран төрийн албан хаагчдад зориулсан Монгол бичгийн цуврал хичээлүүдийг бэлтгэн эхний 20 хичээлийг Үндэсний олон нийтийн телевизээр нэвтрүүлэхэд бэлэн болголоо. Цаашид цахимаар монгол бичиг бие даан суралцах аппликейшнийг хөгжүүлж, зөвхөн нэг удаагийн тестийн шалгалтаар монгол бичгийн мэдлэг, чадварыг үнэлэх бус, харин анхан, дунд, ахисан түвшний сургалтуудад хамрагдаж түвшин ахисан байдлыг үнэлгээнд харгалзан үздэг байхыг зорих болно” гэв.
Энэ үеэр Монгол Улсын Ардын багш, Хэл шинжлэлийн шинжлэх ухааны доктор, профессор Ц.Өнөрбаян, “Монголчууд өнө эртнээс дорнын номт гурван улсын нэг гэдэг үнэлэмжтэй ард түмэн. Тиймээс хамгийн гол нь монголчууд монгол хэл, бичиг соёлоо сахин хамгаалж, хөгжүүлж, түгээх үүрэгтэй. Даяаршлын эрин үед үндэстнийхээ хэл соёлоос харийн үндэстний хэл соёлыг дээгүүр тавьдаг туйлшрал бий. Монголчуудын хувьд цөөн тоотой үндэстэн учраас даяаршлын хэл соёлын хоморгонд авталгүй эх хэл, эрдэм соёлоо тэргүүнд тавих ёстой. Монгол Улс дэлхийн монголчуудын төв учраас тэднийхээ эх хэл, эрдэм соёлыг бид хамгаалах учиртай. Тиймээс монголчууд мөнх оршихын тулд үндэсний бичиг соёлоо дээдэлж, хойч үедээ уламжлуулах үүргээ биелүүлэх ёстой. Хүүхэддээ багаас нь, гэр бүлийн түвшинд үндэсний өв хэлээ сургах ёстой. Түүний дараа харийн хэлийг сурч болно. Харийн хэлийг тэргүүн эгнээнд тавьж болохгүй. Үндэсний бичиг, соёл бол үндэсний дархлааг хадгалдаг хамгийн чухал зүйл. Харийн хэл соёлыг өөрийнхөө хэлнээс дээгүүр тавибал монголчууд хэл соёлын хувьд мөхөх аюултай” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.
Өнгөрсөн хугацаанд Монгол хэлний тухай хууль батлагдаж,
Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-2 хэрэгжиж дууссан бөгөөд гуравдугаар хөтөлбөр
хэрэгжилтийн шатандаа явж байгаа юм. 2025 оноос төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөх хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр Соёлын яам
байгуулагдсан цагаасаа эхлээд өнөөдрийг хүртэл хийж хэрэгжүүлсэн ажлынхаа
тайланг “Монгол бичиг-2025” үзэсгэлэнд дэлгэжээ. Тус яам “Хос бичигтэн” хөтөлбөрийг соёлын салбарын хэмжээнд хэрэгжүүлж
байгаа туршлагаа улсын хэмжээнд “Бүх нийтээрээ хос бичигтэн болъё” уриан дор өргөжүүлж буй юм. Мөн
тухайн чиглэлээр олон нийтэд зориулсан цахим орчин дахь үндэсний бичгийн
хэрэглээг дэмжсэн аппликейшн, цахим ном, толь бичиг, контент, шторк, цахим ном,
хичээл, сургалтын хэрэглэгдэхүүн зэрэг ажлыг хийж нийгэмд түгээжээ. Түүнчлэн бүх нийтийн соёлын
боловсролыг тэгш хүртээмжтэй хүргэх үүднээс 29 дүгээр сургуулийн сурагчдад
өнгөрсөн жилээс эхлэн “Уран бичлэг”-ийн сургалт хичээллүүлж буй бөгөөд тус
сургалтад хамрагдаж буй сурагчдын бүтээлийг мөн гаргав. Тус үзэсгэлэнгээс Арван долоодугаар оны бүх хүн
ам, хөдлөх, үл хөдлөх хөрөнгийг тодорхойлсон данс, үндэсний мэдээллийн МОНЦАМЭ
агентлагаас эрхлэн гаргадаг “Хүмүүн бичиг” сонин, төрийн албан хаагчийн нэрийн
хуудсанд тавих ерөнхий стандартын дагуу хэвлэсэн нэрийн хуудас, үндэсний
бичгээр хөтөлж буй албан бичгүүд, монгол бичгийн толь бичгүүд, бүх шатны
сургалтын байгууллагаас кирилл болон монгол бичгээр бичин олгож буй үнэмлэх, диплом,
гэрчилгээ, хувиараа хөдөлмөр эрхлэгч П.Эрхэмбаярын монгол бичгээр бичиж байгалийн
чулуун дээр өнгөт металлаар урласан бүтээлүүд, монгол төмөр барын аргаар цохиж,
алтаар бүрж, эрдэнийн чулуугаар шигтгэсэн “Монголын нууц товчоо” зэрэг бүтээлийг
үзэх боломжтой.
Үзэсгэлэнгийн үеэр Монгол Улсын
Засгийн газрын шагнал “Үндэсний бичиг үсгийг дэлгэрүүлэгч" цол тэмдгээр зарим багш
нарыг шагнаж урамшуулсан юм.
Хоёр өдөр үргэлжлэх үзэсгэлэнгийн нээлтэд Соёлын сайд Ч.Номин болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл, эрдэмтэн, судлаачид оролцож, Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтийг хэрхэн хангаж байгаа талаар мэдээлэл өгөв.