Хэрлэн сумын онцлох ажлуудаас танилцуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-09-04 14:37:03
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн төв Хэрлэн сум буюу Чингис хотод олон бүтээлч ажил өрнөсөөр байна. Түүн дундаас онцлох 10 ажлыг танилцуулж байна. 

“Мянган нуурын хотгор” төсөл
Хотын гэр хорооллын ус тогтдог газруудыг засах “Мянган нуурын хотгор” хөтөлбөрийг хэрэгжүүлж, 2017 онд 60 сая төгрөгийн төсөвт өртгөөр Хэрлэн, Баянмөнх багуудын 13,4 га газрыг тэгшилсэн бол энэ онд 2, 4, 5-р багт улсын төсвийн 150 сая төгрөгийн хөрөнгөөр хонхор хотгорыг тэгшлэх ажлыг үргэлжлүүлэн хийж байна. 
 
Гэр хорооллыг хаягжуулалт
2017 онд Хэрлэн сумын бүх айл, эгнээг хаягжуулах ажил 2, 4, 5 дугаар багаас эхэлж, Сариг, Булаг, Өндөрхаан багийн нийт 402 эгнээний 1921 айл өрхийн хашааны хаягжилтыг 2017 онд ОНХС-ийн 10 сая төгрөгийн хөрөнгөөр бүрэн шинэчилсэн байна. Мөн энэ онд 1, 3 дугаар багт хаягжуулах ажил үргэлжилж, Чингис хотын 4000 гаруй айл өрх, 200 гаруй эгнээг хаягжуулж дуусжээ. Энэ ажлын үр дүнд түргэн тусламж, цагдаа, онцгой байдлын газар зэрэг байгууллагууд хаягаар түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх боломж сайжирчээ. 
 
“Манай гудамж- гэрэлтэй гудамж” хөтөлбөр
Хэрлэн сумын гэр хорооллын гэрэлтүүлгийг нэмэх зорилгоор 2017 онд ОНХС-ийн 76 сая төгрөгөөр Тээвэрчдийн гудамжны гэрэлтүүлгийн толгойг 91 ширхэг лед гэрлээр сольж, 1, 6-р багуудад 16 ширхэг цамхагт гэрэлтүүлэг суурилуулсан аж. Энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 16 ширхэг цамхагт гэрлийг 1, 2, 3, 4, 5 дугаар багт шинээр тавьж ашиглалтанд орууллаа. Ингэснээр баг бүрт цамхагт гэрэлтэй боллоо. Энэ ажил ирэх онуудад үргэлжилж, баг бүрт 12 цамхагт гэрэлтүүлэгтэй болж харанхуй гудамжгүй болох юм.
 
Баг бүрт ухаалаг худаг
2017 онд ОНХС-ийн 24 сая төгрөгөөр 2, 3-р багуудад гурван ухаалаг худаг байгуулсан бол 2018 онд 1, 5-р багуудад ухаалаг худаг байгуулж байна.
 
“Өндөрхаан” сууц өмчлөгчдийн холбоо
Олон жил зогсонги байдалд байсан “Өндөрхаан” СӨХ-ны үйл ажиллагааг шинэчлэн сэргээж, төрийн байгууллага, хот тохижилтын байгууллагаа түшиглэсэн, нэгдсэн томоохон хэмжээний СӨХ-г Чингис хотноо бий болгож, үйл ажиллагааг нь тогтмолжууллаа. 
 
Орон сууцнуудын орц дээврийн засвар
Хотын захирагч өнгөрсөн онд гэр хороололд түлхүү анхаарч ажилласан бол энэ жил орон сууцны хорооллуудад онцгойлон анхаарч, Сууц өмчлөгчдийн холбоог шинэчилж, хуучин байрнуудын орц дээврийн засварыг аймаг сумын төсвийн нийт 348,8 сая төгрөгөөр хийж байна.
 
Багийн иргэдийн нийтийн хурал
Энэ хавраас эхлэн Багийн иргэдийн нийтийн хурлыг шинэлэг хэлбэрээр зохион байгуулж эхэллээ. БИНХ-ыг тухайн эгнээ гудамж, байр орцных нь дэргэд хэсэгчлэн зохион байгуулснаар хурлын үйл ажиллагаанд иргэд идэвхтэй оролцож, асуудлыг шийдвэрлэх, гарцыг хайх хамгийн энгийн бөгөөд оновчтой шийдэл болж байна.
 
Хот доторх автозамын тэмдэглэгээ
2017 онд ОНХС-ийн 17 сая төгрөгийн хөрөнгөөр хот доторх автозамд гэрлэн дохио, хурд сааруулагч, явган хүний гарц, замын тэмдгийг хийж байсан бол энэ онд орон нутгийн замын сангийн 28,7 сая төгрөгийн хөрөнгөөр Чингис хот доторх автозамын тэмдэглэгээг шинээр хийж гүйцэтгэлээ.
 
Хүүхдийн тоглоомын талбай
2018 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2, 3, 4 дүгээр багуудад хүүхдийн тоглоомын талбай баригдаж байна. Цаашид бусад баг, орон сууцны хорооллуудад тоглоомын талбайг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
 
Өрхийн ЭМТөвүүдийн үйл ажиллагаа
2017 онд Хэрлэн сумын гурван өрхийн эмнэлэгт 64 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийснээр бичил лабораторийн үйл ажиллагааг нэвтрүүлсний зэрэгцээ физик эмчилгээний кабинеттэй болж, өрхийн эмнэлэгтээ иргэд есөн төрлийн шинжилгээ хийлгэдэг болов. 2018 онд нарийн мэргэжлийн эмч нарын баг ажиллуулж, иргэддээ эрүүл мэндийн үйлчилгээг илүү хүртээмжтэй хүргэн ажиллаж байна. 
Д.Одонтунгалаг

Related news