Д.Адилбиш: Нутаглаж буй газраа хамгаалах талаар Бэлчээрийн тухай хуульд хатуу тусгамаар байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-08-06 18:56:34
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэл хотноо өнөөдөр Ахмад малчдын Улсын анхдугаар зөвлөлгөөн боллоо.

“Малчин хүн мянган мэргэжлийн эзэн” аяныг өрнүүлнэ


19 аймгаас 400 гаруй малчин ирж оролцож буй тус зөвлөлгөөний гол зохион байгуулагч “Дөрвөн Алтан бэрс” ТББ-ын тэргүүн П.Тамираас уулзалтын талаар тодруулахад, “Өнөөдөр Монголын хөдөө аж ахуйг 40-өөс дээш насны ахмад малчид олон жилийн хөдөлмөр, арга туршлага, амьдралаараа авч явж байна. “Малчин хүн мянган мэргэжлийн эзэн” гэдэг. Үүнийг л бид гаргаж ирж хэрэгжүүлэх, мөн төр, засагт малчдын үгийг хүргэх зорилгоор ахмад малчдыг сайн дураар нэгтгэсэн зөвлөлгөөнийг хийж байна. Улсаас нэг ч төгрөг гараагүй, малчид өөрсдөө зардлаа гарган оролцож, бид зөвхөн зохион байгуулж байна. Малчдыг сум, орон нутгийн засаг захиргаа, удирдлагатай нь холбогдож олон жил мал маллаж буй, арга туршлага бүхий малчдыг оролцуулаарай гэсэн тодорхой болзол тавьсны үндсэн дээр төлөөлөгчдөө сонгосон. Бид өмнө нь “Мянгат малчдын улсын зөвлөгөөн”-ийг зохион байгуулж байсан” гэв.

Зөвлөлгөөний үеэр Өмнөговь аймгийн Ноён сумын малчин Д.Адилбиштэй уулзаж ярилцав. Тэрээр ямаа маллахын зэрэгцээ малын эмч хийдэг аж.

-Сайхан зусч байна уу? Энэ жил зуншлага хэр байна?

-Манай говьд наадмаас хойш, долдугаар сарын 20-ноос эхлэн бороо ороод одоо л нар хур тэгширч газрын өнгө засарч зуншлага сайхан болж байна. Үүнээс өмнө хуурайшилт ихтэй, малчид их нүүж, өлөн мал нүүдэл даахгүй  хорогдож, яадаг билээ гэж байхад  хур бороо орсон. Манай сумын айл өрхийн 70 хувь нь өөр аймаг, сумын нутагт оторлосон.

-Та хэдэн жил мал маллаж байна вэ?

-1966 онд 4-р ангиа дүүргээд малчин болж 1980 он хүртэл мал маллаад нутагтаа эчнээгээр 10-р анги төгсөж Дундговь аймгийн Мал эмнэлгийн техникумд орж малын эмч болж байсан. Одоо эргээд малаа маллахын зэрэгцээ малын эмчээ давхар хийгээд явж байна. Малын эмчээр ажиллах хугацаандаа 480 гаруй малд мэс засал хийсэн. Бэрхэтсэн ингэний хийсвэр хагалгаа хийж ботгыг нь авч байлаа. Ирвэс идсэн, чоно, нохой ноцсон малыг их эмчилж байсан. Төлийн ходоодны бөөм, туузан хорхойн болон тархины эргүү буюу паразит өвчнийг эмчилж байсан.

Сум, баг бүрийг малын эмч, зоотехникчтэй болгомоор байна


-Удахгүй гарах гэж буй Бэлчээрийн тухай хуульд ямар санал өгч, юу тусгаж оруулаасай гэж бодож байна вэ?

-Цөлжилт их болж, бэлчээрийн даац ихдэж байна. Жалгын нэг нутгийг манайх танайх гэж их маргах болсон. Уул уурхайтай холбоотой ч юм байна. Манай аймгийн Гурвантэс, Ханбогд, Цогтцэций сумын нутаг цоорхой шанага шиг болсон. Малчид бас өөрсдөө хариуцлагагүй байгаа тул хуульд бэлчээрээ хамгаалж хайрлаж додомдож байхыг нарийн тусгаж оруулмаар байна. Төл мал, их малын бэлчээр гэж тусад нь хашиж арвай, буудай буурцаг гээд бэлчээрийн, төл малын янз бүрийн ургамал их тарьж баймаар байна. Бид зуны бэлчээртээ хайлаас улиас мод тарьж хавар намар нь  хураагаад авахад шуудай шуудайгаар нь навч гарч өвөл хавар төлдөө өгчихдөг юм.



Ер нь малчид хот хороогоо цэвэрхэн байлгаж, малаа сайн эрүүлжүүлж байвал мал мах, хүнс эрүүл байх юм. Нөгөө талаар малчид Малын хөлийн татвараа сайн төлж баймаар байна. Тэгвэл ядаж өвс тэжээл хөнгөлөлттэй, хямд тусч ирнэ. Ингээсэй гэж бодож байна. Тэгэхгүй бол хөдөө орон нутагт малын өвс тэжээл их үнэтэй ирж тэрийг нь малчид дийлж авч чаддаггүй. Мал их хөгширч, ямаанаас ноолуурыг нь авах гэж хадгалсаар байгаад өвс зулгааж идэж чадахгүй, дааж чадахгүй болтлоо тамирдуулж байгаа тул малчид малаа цөөлж, 500-гаас хэтрэхгүйгээр чанаржуулмаар л байна. Залуу малчид их ховордож байна. Хот суурин газар их, дээд сургууль олон байгаа ч чанаргүй байгаа учир залуусыг бидний үе шиг Сангийн аж ахуйд их явуулж будаа тариа хурааж мал төл авдаг, хөдөө орон нутагт явуулж дадлага практик хийлгэдэг болгомоор байна. Тэгэхгүй бол ээж аавынхаа мөнгийг үрээд л ирж байх шиг байна.

-Мал, амьтны эрүүл мэнд, удмын санг хамгаалах тухай хууль шинээр гарч долдугаар сарын 1-нээс хэрэгжиж байна. Хуучин хаврын 13 ажил гээд малыг эмчилж эрүүлжүүлж байсан ажил сэргэж байна уу?

-Уг нь сайн хуулиуд гараад л байна гэдэг. Гарахгүй биш гарч байна. Гэвч хөдөө орон нутагт хөрсөн дээр буухгүй байна. Хуулиа сайн сурталчлахгүй байна, тиймээс хууль мэддэг хүн хөдөө орон нутагт алга. Малын тарилга, туулгалт, малын өвөлжөө, бууц ариутгах ажил ер нь орхигдсон. Үүнийг малы эмч нарыг цалинтай болгож байж сэргэнэ. Мал эмнэлэг, малын эмч төрийн мэдэлд байх ёстой. Тэгэхгүй бол хувьд гараад дуртай үедээ ирэх ирэхгүй байна. Цалинтай болсноор ажлаа хийнэ. Мал, төлийг хүлээн авч жигнэж, ноосны гарцыг хэмждэг хүмүүс үгүй болж мартсан. Тиймээс хуучнаар сум, баг бүрийг малын эмч, зоотехникчтэй болгомоор байна.

-Төр, засагтай холбоотой юу хэлэх вэ?

-Энэ олон сонгууль, халгаа сэлгээгээ цөөлмөөр байна. Тэгэхгүй бол нэг дарга ирээд л юм хийхтэй зэрэг сольж халаад тогтворгүй ажиллаж байна.

Тодруулга: Зохион байгуулагчдын хэлж буйгаар Ахмад малчдын Улсын анхдугаар зөвлөгөөн, уулзалтаас гарсан малчдын саналыг нэгтгэн Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад сонордуулж, ХХААХҮЯ-нд хүргүүлэх юм байна.


Б.Болд
Гэрэл зургийг Н.Батбаяр
Related news