Н.Норжинсүрэн: Монголын анхны уурын тэрэгний слесариар ажиллаж байлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-08-03 19:38:15
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад Төмөр замын салбар үүсч хөгжсөний 80 жилийн ойн өдөр ахмад төмөр замчин Н.Норжинсүрэнтэй уулзлаа.
1948 онд 18 настайдаа цэргийн албанд татагдан очихдоо Төмөр замын тусгай ротод хуваарилагдан төмөр замтай хувь заяагаа холбосон тэрээр 1958 он хүртэл Монголын анхны уурын тэрэгний поршны слесариар ажиллаж байгаад өргөн төмөр зам Налайх руу холбогдохтой зэрэгцэн нарийн төмөр замыг татан буулгах үеэр хэсэг залуус БНХАУ-ын тусламжаар Сэлэнгэ аймагт Мод боловсруулах үйлдвэр байгуулахад 6 сарын курс төгсөн тэнд очиж ажиллаж байжээ. “Тэр үед одоогийнх шиг биш, провозыг 6 хүн засдаг байсан. Нэг нь поршноо, уурын тогооны хэсгээ, нөгөө дэх нь дугуйны холбоос, гэрэл, экипажаа гээд тус тусдаа засдаг байсан” гэв. Ажлын нөхцөл, хэдэн төгрөгийн цалин авч байсан тухайд, “Ажил хүнд байсан. Өдрийн 8 цаг ажилладаг ч шөнө хүртэл ажил гараад Налайхаас провоз дуудахад очиж засвараа хийдэг байлаа. Залуу насны эрч хүчээр даван гарч байв. Анх бид дагалдан ороод цалинтай ажиллаж байлаа. Цалин тэр үеийнхээр 300-400 орчим төгрөг авдаг байсан юм уу даа. Тэр үед бид төмөр замын гээд 2 давхар 6 хүрэн байшинд амьдардаг байлаа” хэмээн тэртээ 70 жилийн өмнөх үеэ дурсан санаж байв.
Өдгөө 88 насны ойтойгоо золгож буй Н.Норжинсүрэн Ойн яамны Модны үйлдвэрт цахилгааны, техникийн инженер, ерөнхий инженерээр ажиллаж байгаад 1990 онд тэтгэвэртээ гарчээ.
Б.Болд
Гэрэл зургийг Н.Батбаяр
 
Related news