Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх аймгийн ИТХ-ын шийдвэрийг хэвээр үлдээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-07-27 09:19:34

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гутайн даваанд алтны олборлолт явуулахаар зэхэж байгаа "Гутайн даваа" компани /шүүхэд нэхэмжлэл өгсний дараа нэрээ "Пегматит майнинг" гэж өөрчилсөн/ нарын шүүх хурал Улсын Дээд Шүүхийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд өчигдөр хэлэлцэгдэж, тус аймгийн ИТХ-ын талд шийдвэр гарчээ. 

Хэнтий аймгийн ИТХ нь 2017 оны тавдугаар сарын тавны өдрийн тавдугаар хуралдааны гуравдугаар тогтоолоор Биндэр, Батширээт сумын нутагт орших Гутайн даваа орчмын газрыг Байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авах шийдвэр гаргаж, Засгийн газарт уламжилсан юм. 

Энэхүү шийдвэрийг Гутайн даваанд алтны олборлолт явуулахаар зэхэж байгаа "Пегматит майнинг" компани эсэргүүцэж, захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хариуцагчаар татагдсанаар маргаан үүсч,  бүтэн жилийн нүүр үзэж байна.

Анхан шатны шүүхээс "Пегматит майнинг" компанийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэрийг буруу гэж үзэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал гомдол гаргасныг өчигдөр хэлэлцэн "Пегматит майнинг" компанийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, аймгийн Хурлын шийдвэрийг хэвээр үлдээжээ.

"Пегматит майнинг" 
компани гомдлоо хяналтын шатанд гаргахаар төлөвлөж байгаа юм байна.

Д.Одонтунгалаг

Related news